Шүүх эмнэлгийнхэн амиа алдсан бас нэг охиныг архи хэтрүүлсэн хэмээжээ

Оны өмнөхөн 21 настай Ө.Алтанзулыг найз залуу нь гэх Б.Төмөрбаатар гэрээс нь дуудаж гаргаж ирэн, улмаар амь насыг нь хөнөөсөн хэмээн хэвлэлүүдээр шуугиан дэгдээж эхэлсэн хэрэгтэй холбогдуулан талийгаачийн ар гэрийнхэн хэвлэлийн хурал зарлан мэдээлэл хийсэн юм.
Тэд охиныг нь Б.Төмөрбаатар хэрцгийгээр зодож хөнөөсөн хэмээн үзэж буйгаа мэдэгдлээ. Зодуулж нас барсныг нотлох зарим баримтыг хэвлэлийнхэнд дэлгэлээ.
Хохирогчийн ах Б.Отгонбаярын сэтгүүлчдэд мэдэгдсэнээр Шүүх эмнэлгийн анхны дүгнэлтээр хальтирч унаснаар үхэлд хүрсэн гэсэн бол дараагийн дүгнэлтээр архи хэтрүүлэн хэрэглэсэн гэжээ. Гэтэл Гэмтлийн эмнэлэгт анх талийгаачийг хүлээн авсан эмч гадны нөлөөтэй болохыг баталжээ.
Тархин тус газраа дөрвөн гэмтэл авсан, гавал хуйх хоёрын завсар цус хуралттай байсан. Энэ гэмтэл нь үснээсээ маш хүчтэй зулгаалгаж татуулснаас үүсэх нь гарцаагүй юм.
Мөн талийгаачийн өмсөж явсан маш их цус болсон хүрмийг шинжилгээнд өгч шинжээчид их хэмжээний цус алдсан хэмээсэн ба дахин шинжилгээнд өгөх үеэр өөр хүрмээр солигдсон байсан гэнэ.
Талийгаачийг оройн 23.00 цагийн орчимд “Цайз караоке” баарнаас эрүүл гарсан гэж тус баарны зөөгч, үйлчлэгч нар нотолсон ба Б.Төмөрбаатарын аав болох н.Бат-Эрдэнэ ч хүүгээ шөнийн 02 цагийн үед гэртээ ирсэн гэж мэдүүлжээ.
Энэ хугацаанд хаана, юу хийж явсан нь тодорхойгүй байдаг. Мөн хэргээ нуун дарагдуулах зорилгоор сэтгэцийн өвчтэй дүүдээ тохсон хэмээн мэдэгдсэн юм.
www.bataar.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ