Монгол ногоо ямар ч байсан хятадынхаас хавьгүй дээр

Импортын бүтээгдэхүүнийг багасган, үндэсний үйлдвэрлэлээ дэмжье хэмээн хүчтэй яригдаж буй энэ үед монгол хөрсөнд тарьж ургуулсан хүнсний ногоонд хүний эрүүл мэндэд хор учруулахуйц химийн бодис агуулагдаж байна гэсэн шуум түгсэн нь хүмүүсийг нэг хэсэгтээ л айдас болгоомжлолд автуулаад амжлаа.Монголчууд хэзээний л хэнэггүй, налгар тайван ард түмэн тул улсын эдийн засаг яаж ч хямарч байсан мах, гурил, ногоотойгоо байхад алзахгүй дээ бид хэмээн ярилцдаг. Гэтэл сүүлийн үед энэхүү хүнсний гол гурван бүтээгдэхүүн нь эргэлзээ, тээнэгэлзэлд оруулаад эхлэв. Гурил нь алсдаа хомсдох шинжтэй, мах нь шүлхийтэй, ногоо нь пестицидтэй ч юм шиг болоод ирэв /Пестицид гэдэг нь ургамлын өвчин, хогийн ургамал, хортон шавьж, мэрэгчид, амьтдын эндо, экзопаразиттай тэмцэхэд хөдөө аж ахуй, газар тариаланд хэрэглэдэг химийн бодис юм/
Хүнсний ногооны пестицид нь хорт хавдрын өвчлөл үүсгэдэг талаар мэргэжлийн хүмүүс яриад эхэлсэн нь айдас түгшүүрийг улам нэмэгдүүллээ. Өнгөрсөн жилээс Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуультай хамтран хүнсний ногоонд чанар, аюулгүй байдлын тандалт судалгаа хийжээ. Судалгааны багийн ахлагчаар тус сургуулийн ахмад багш, доктор, профессор З.Ичинхорлоо ажилласан ба тэдний шинжилгээгээр галогенид, фосфат, нитратын агуулагдах хэмжээ хэвийн үзүүлэлтээс өндөр гарсан нь ургацын явцад ургамлын өвчин, хортон шавьж устгах зориулалттай пестицидийг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой болох нь тогтоогдсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ