Ц.Батболд: Талийгаачийн үхэлд Г.Алтанхүү холбоотой эсэхийг нарийвчлан шалгана


Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Н.Цэдэн-Иш гэгч эмэгтэй найз залуудаа зодуулж амиа алдсан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдав. Тэгвэл хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч байгаа эсэх талаар Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболдоос тодрууллаа.
-Г.Алтанхүүд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа юу болж байна вэ?
-Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
-Шинжээчдийн дүгнэлт архины хордлогонд амиа алдсан гэж гарсан гэсэн үнэн үү?
-Шинжээчдийн гурван удаагийн дүгнэлт гарсан. Дүгнэлтээр олон хоног дараалан архи уусны улмаас амиа алдсан гэж гарсан. Шинжээчдийн дүгнэлтийг танилцуулбал, архины гаралтай, элэгний эдийн үхжил үүсч, цөсний суваг, хүүдийн хананд гэмтэл үүсч, улмаар цөс шүүрч, хэвлийн гялтанг үрэвсүүлэн хэвлийн хөндийд шингэн хуралдах хавсарсан байдлаар элэгний үйл ажиллагаа доройтож, олон эрхтний дутагдалд орж нас барсан гэж гарсан.
-Тэгэхээр уг хэрэгт Г.Алтанхүүгийн оролцоо байхгүй гэсэн үг үү?
-Мөрдөн байцаалтын явцад Г.Алтанхүү нь Н.Цэдэн-Ишийн биед хоёр удаа гэмтэл учруулж байсан нь тогтоогдсон. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сард, мөн арваннэгдүгээр сард. Тэгэхээр Г.Алтанхүүгийн талийгаачийн биед учруулсан олон тооны гэмтлүүд нь талийгаачийн үхэлтэй холбоотой эсэхийг мөрдөн байцаалтын явцад нарийвчлан шалгана.
-Хэрвээ үхэлтэй нь холбоогүй нь тогтоогдвол яах вэ?
-Г.Алтанхүү үхлийн шалтгаантай холбоогүй болсон ч эрүүгийн хуульд заасан бусад зүйл заалтаар шалгана. Учир нь одоогийн байдлаар хоёр удаа гэмтэл учруулсан нь тогтоогдсон.
-Архинд хордсон гэхээр итгэмээргүй юм?
-2013 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Г.Алтанхүү талийгаач нар нь өөрсдийн найз нөхдийн хамт караокед орж архидан согтуурч согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг. Тэгээд тэр өдрөө гэртээ ирээд 4,5-ны өдрүүдэд үргэлжлүүлэн архи уусан байгаа юм. Ингэж архи уух явцдаа буюу арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Г.Алтанхүү хувийн таарамжгүй харьцааны улмаас талийгаачийг зодож биед нь гэмтэл учруулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байгаа. Тухайн өдөр гэрт нь очсон гэрчүүдийн мэдүүлэг ч бий.
Ингээд арваннэгдүгээр сарын 6-13-ны өдөр хүртэл талийгаач Г.Алтанхүү нар гэртээ байсан. Энэ хугацаанд талийгаач ажилдаа яваагүй. Харин 13-ны өглөө талийгаачийн эрүүл мэндийн байдал муудаж эмнэлэгт хандсан. Хоёр удаа мэс засалд орсон боловч арваннэгдүгээр сарын өглөө нас барсан байдаг.
-Г.Алтанхүү Н.Цэдэн-Иш нар нь хэзээнээс хамт амьдарсан юм бол?
-Өнгөрсөн оны долдугаар сараас хойш хамт амьдарч байсан.
-Тэгэхээр уг хэрэгт өмгөөлөл үзүүлж буй М.Ичинноровт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн?
-Г.Ичинноровт эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтнээр татсан зүйл байхгүй. Г.Алтанхүүгийн гомдлоор хэд хэдэн удаа байцаалт авсан. Г.Алтанхүү нь “Шүүхээр миний гэм буруутайг тогтоогоогүй байхад М.Ичинноров нь намайг хүн алсан мэтээр хэвлэлээр цацаж, нэр төрд халдлаа” гэж гомдол гаргасан.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ