Ч.Амарболд энэ сарын дундуур суллагдах бололтой


ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж магадгүй. Учир нь ШШГЕГ-аас хошууч, генерал Ч.Амарболдыг хугацаанаас нь өмнө хуулийн хүрээнд суллах боломжтой хэмээн холбогдох материалыг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Харин прокурорын байгууллагаас түүнийг магадлангаар суллагдах боломжтой хэмээн материалыг нь Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд шилжүүлжээ. Ингэснээр шүүхээс түүний материалтай танилцаж, 30 хоногийн дараа шүүх хурлыг товлоно. Хурлаар түүний магадлангаар суллагдах эсэх эцсийн шийдвэрийг шүүх гаргах юм. Хуулийн нэр томьёогоор магадлангаар суллах гэдэг нь хугацаанаас өмнө тэнсэн суллахыг хэлдэг. Ингэснээр Ч.Амарболдын хугацаанаас өмнө тэнсэн суллагдах эсэхийг ирэх гуравдугаар сарын дундуур хэлэлцэх юм.
Ч.Амарболд 2012 оны гуравдугаар сараас хойш хоригдсон. Хоригдох хугацаандаа сахилгын зөрчил гаргаагүй, эдлэх ёстой оногдсон ялынхаа гуравны хоёроос дээш хугацааг биеэр эдэлсэн тул ийнхүү магадланд хамрагдах боломжтой болжээ. Харин Ч.Амарболдтой хамт яллагдсан хурандаа О.Зоригт оны өмнө суллагдсан бол хурандаа Ш.Батсүхийн магадлангийн хугацаа нь болоогүй байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Хошууч, генерал Ч.Амарболд “2008 оны долдугаар сарын 1”-ний үймээний хэрэгт буруутгагдан гурван шатны шүүхээс гурван жил зургаан сарын хорих ялаар шийтгүүлсэн. Ч.Амарболдыг албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас дөрвөн иргэн амь насаа алдсан хэрэгт буруутган ялласан юм.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ