Эрдэнэтийг хулхидсан компанийн эздийг Интерполоор хайна

Эрдэнэт үйлдвэрээс оны өмнөхөн бараа, материал нийлүүлнэ гэж гэрээ хэлцэл хийж урьдчилгаа мөнгө аваад алга болсон найдваргүй компаниудын жагсаалтыг гаргасан билээ.
Тэгвэл тэрхүү жагсаалтад орсон 105 компани цаг хугацаандаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж бараа, материалаа нийлүүлээгүй. Мөн зарим нь урьдчилгаа мөнгө аваад алга болсон ба энэхүү жагсаалтыг гаргаж зарласнаас хойш тухайн хугацаандаа амжаагүй ч хүлээсэн үүргээ биелүүлсэн компани ч бий гэнэ. Хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн компани ч байгаа аж.
Эдгээр компаниуд нийтдээ өнгөрсөн оны байдлаар 37 тэрбум төгрөгийн найдваргүй авлагыг тус үйлдвэрт тооцуулжээ. Ингэснээр тус үйлдвэр дэргэдээ Өр барагдуулах алба байгуулан ажилласны хүчинд найдваргүй авлага 20 орчим тэрбум төгрөгөөр буурсан гэнэ.
Харин үлдсэн 17 тэрбум төгрөгийн бараа материал нийлүүлэх гэрээ хийж урьдчилгаа мөнгө аваад зугтсан нөхдийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэнэ.
Зарим компанийн эзэн холбогдогчид нь бүр хил гараад зугтаасан явдал ч гарчээ. Тиймээс Интерполоор дамжуулан эрэн сурвалжлахаас өөр аргагүй болж байгааг ч тус үйлдвэрээс сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлд дурдсан юм.
Дашрамд дурдахад тус үйдвэрийн агуулахаас гарсан 5 сая ширхэг бэлгэвчний асуудал дэгдээд байсан. Тэгвэл энэхүү их хэмжээний бэлгэвч гэж андуурсан зүйл нь тус үйлдвэрийн хэрэглэдэг хар ууттай, яг бэлгэвчтэй төстэй резин гэнэ. Энэ резинийг үйлдвэрийн ажилчид нь “кондом” гэж тоглоом шоглоомоор нэрлэдэг аж. Энэ яриа явсаар хэвлэлийнхний чихэнд хүрч таван сая бэлгэвчний хэрэг мандсан тухай тус үйлдвэрээс тайлбарлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ