Дэлгүүр тоносон хулгайчдын бичлэгийг дэлгэж байна

БЗД-ийн XIX хороонд өнгөрөгч хоёрдугаар сарын 25-ны шөнө нэгэн хүнсний дэлгүүрт хулгайч орсон хэрэг гарчээ. Уг дэлгүүрт хоёр эрэгтэй, нэг эмэгтэй өглөөний 04.36 цагт хаалгыг нь эвдэн орж үнэтэй гэсэн бүх хүнсний бүтээгдэхүүн, нийтдээ 2 сая гаруй төгрөгийн бараа хулгайлаад зугтжээ.
Үүний өмнөхөн буюу хоёрдугаар сарын 1, 4-нд мөн л тус хорооны нутаг дэвсгэрт орших хоёр ч хүнсний дэлгүүр ээлж дараагаараа урт гартнуудын халдлагад өртөж тус бүр хоёр сая төгрөгийн хохирол хүлээгээд байгаа аж.
Өмнөх хоёр дэлгүүрт нь камер байгаагүй бөгөөд 25-нд хулгайч нарт тонуулсан дэлгүүрт азаар камер байж, дүрс бичлэгт ч хулгайч нар тодоос тод бүх үйлдэл нь бичигдэн үлдсэн байна.
Харамсалтай нь камер байгаад, хулгайч нарын царай зүс шинж тэмдэг бүгд бичигдэж үлдээд ч нэмэр болсонгүй өдийг хүртэл цагдаа нар урт гартнуудыг илрүүлж чадаагүй гэнэ.
Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байна гэсэн хариуг хэлж буцаасаар байгаа бөгөөд аргаа барсан дэлгүүрийн эзэн цахим хуудсаар хулгайчдын бичлэгийг тараахаар шийдэж манай вэбсайтад хандаад байгаа нь энэ юм.
Мөн тэрээр хэзээ нэгэн цагт хулгайч нар баригдаж таарсан шийтгэлээ хүлээх нь тодорхой ч бусад хүмүүст сэрэмжлүүлэг хүргэх үүднээс энэхүү бичлэгийг олонд дэлгэж байгаа талаар дурдсан юм.
Б.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ