Орос болон Украины хүчний харьцаа

Украины нутаг дэвсгэрт байгаа орос цэргийн тоо одоогийн байдлаар 20 мянгад хүрээд байна гэж тус улсын Батлан хамгаалах яамны эх сурвалж өрнөдийн хэвлэлүүдэд мэдээлжээ.
"ОХУ-аас Украины нутаг дэвсгэр болон Крымийн хойгт газраар, агаараар, тэнгисээр тээвэрлэн цэргийнхээ тоог өсгөсөөр байна.
Цэргийн тоо 20 мянгад хүрээд байгаа бол 200 гаруй танк, хуягт машин тэдний бүрэлдэхүүнд байна" гэжээ. Хэдийгээр НАТО, Европын холбоо болон "Их найм"-ын холбоо дипломат аргаар ОХУ-д нөлөөлөхийг оролдож байгаа ч одоогоор байдал хэвээр байна.
Оросууд Украины түр засгийн газраас ямар хариу үйлдэл үзүүлэхийг хүлээж харзнасан байдалтай байгаа бол украинчууд яаран алхам хийлгүй өрнөдийн гүрнүүдийн дэмжлэгийг хүлээж дипломат аргаар асуудлыг шийдэхийг чухалчилж байна.
Одоо Крым даяар бүх нийтийн санал асуулгад бэлдэж байна. Учир нь өчигдөр Крымийн парламентаас ОХУ-д нэгдэх талаар шийдвэр гаргаж үүнийг дэмжих эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга зарлахаар болсон. Санал асуулга энэ сарын 16-нд явагдах бөгөөд дийлэнх оршин суугчид нь оросууд учир гарах хариу нь ч бараг тодорхой шахуу.
Тиймээс гуравдугаар сарын 16-ны санал асуулгын хариуг ОХУ хүлээн авснаар Крымийн хойг Оросын нэгэн муж болж хувирах юм. Харин энэ үйл явцыг Украин болон өрнөдийн гүрнүүд хэрхэн хүлээж авах нь сонирхол татаж байна.
Мэдээж хэрэг ийм үйл явдлын дараа ОХУ өөрийн ард иргэд, нутаг дэвсгэрээ хэмээн хүлээн зөвшөөрч үүнийгээ цэргийн хүчээр хамгаална, мөн Украины гэсэн бүгдийг Крымээс шахан гаргах нь тодорхой.
Хэдийгээр НАТО, Европын холбоо Крым рүү цэргийн шинжээчид оруулна гэж байгаа ч энэ нь үр дүнгүй.
Өнөөгийн байдлаар тэнд ямар ч мөргөлдөөн гараагүй, бүх зүйл тодорхой байхад цэргийн шинжээчид оруулна гэдэг нь арга ядсан л алхам юм.
Дашрамд Би Би Си, Си Эн Эн агентлагийн цацсан сонирхолтой мэдээллүүдийг уншигчдадаа хүргэж байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ