Хөхүүл эмэгтэй ч жингээ хасч чадна

Дөнгөж саяхан ээж болсон бүсгүй танд нялх үрээ хөхүүлсэн хэвээр ч жингээ хасч болох аргыг энэхүү нийтлэлээрээ хүргэж байна. Амьдралдаа хэрэгжүүлж, улам үзэсгэлэнтэй ээж болоорой.Бараг эмэгтэй хүн бүр хүүхдээ хөхүүлэхийн тулд их идэх ёстой гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл их идэхэд бас учир бий. Хүүхэд хөхүүлэх үед бид дасгал хийсэнтэй адил калори шатааж байдаг ба энэ нь жирийн эмэгтэйгээс бага зэрэг их илчлэг авч байх шаардлагатай гэсэн үг юм. Энэ нь өдөрт дунджаар 1800-2200 ккал байдаг. Гэвч сүү оруулах нэрээр их идэх нь эргээд урт болон богино хугацааны таргалалтыг үүсгэж, цаашлаад таргалалтаас үүсэлтэй стресс нь буцаад жин хасахад тань саад болж эхэлдэг. Иймээс бүсгүй та дараах хооллолтын хэдэн дүрмийг баримтлаж, сүү сайтай ч жингээ хасах аргад суралцаарай.

Цагаан гурил, цагаан будаа идэхгүй байхыг хичээЦагаан гурилын оронд хөх тариа, бүхэл үрийн гурилаар хийсэн гурилан бүтээгдэхүүнийг хэрэглэ. Төрсөн цагаасаа эхлээд л сүү оруулах нэрийдлээр дээд гурилаар хийсэн гурилан бүтээгдэхүүн, нарийн боов, жигнэмэг их идэх нь төрсний дараах таргалалтын хамгийн том шалтгаан нь болдог юм шүү. Цагаан будаа, шар будааны оронд гурвалжин, хөц будаатай сонгож хэрэглэ. Эдгээр бүхэл үрийн гурил, будаа нь бидний бие организмын тэнцвэрт байдлыг хангаж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж, бодисын солилцоог идэвхижүүлж жин хасахад туслаад зогсохгүй мөн сүүний гарцыг ч нэмэгдүүлдэг.

Ногоо, жимсийг түлхүү хэрэглэ Ногоо нь өөртөө олон төрлийн витамин, эрдэс бодис, эслэгийг агуулж байдаг ба энэ бодисын солилцооны хэвийн байдлыг хангахад тусалдаг.

Өглөөд овъёос (cereal) юмуу арвайн гурил идэж байхЭнэ нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлж, сүүний гарцыг нэмэгдүүлж, төрсний дараах өтгөн хатах асуудлыг шийдэж өгдөг.

Далайн байцааг тогтмол хэрэглэж байхДалайн байцаа нь төрсөн эхэд хамгийн ашиг тустай, иодын агууламж өндөртэй бүтээдэхүүн бөгөөд сүүний гарцыг нэмэгдүүлж, сав агшаах, гэдэс цэвэрлэх үйлчилгээтэй. Ус ус бас дахин усӨтгөн цайнаас илүүтэйгээр цэвэр усыг ихээр ууж байх хэрэгтэй. Өдөрт багадаа 3,1 литр буюу 13 аяга ус уух шаардлагатай ба энэ нь сүүний гарцыг хангалттай хэмжээнд байлгахад тусалдаг хамгийн шилдэг арга юм.

Сүүний оронд тарагТослог ихтэй сүү нь илчлэг өндөртэй байдаг тул үүний оронд тараг, аарц, ааруул зэргийг хэрэглэж, үүнээс шаардлагатай амин дэм, калцийн хэрэгцээгээ нөхөж байх хэрэгтэй. Хэрэв таны хоол хүнсээр авч буй илчлэг, зарцуулж байгаагаас тань их байвал мэдээж илүүдэл илчлэг биед хуримтлагдах буюу өөх болж хадгалагддаг. Иймд сүү оруулахын тулд хэрэгцээгүй хэт их нүүрс ус буюу гурилан бүтээгдэхүүн идэхийн оронд шингэн зүйлийг их ууж, эрүүл зөв хооллолтын дэглэмийг баримтлах хэрэгтэй. Мөн оройн цагаар их идэхгүй байхыг хичээж, хүнсэндээ голцуу ногоо жимс, бүхэл үрийн гурил хэрэглэх нь эрүүл аргаар турахад тань туслах болно. Эрүүл аргаар турна гэдэг нь дунджаар долоо хоногт 1-2 кг хасахыг хэлэх ба хүүхэд болон өөрийнхөө эрүүл мэндийг бодож хэт их хоолны дэглэм барихгүй байхыг хичээ. Үүний хажуугаар аль болох хөдөлгөөнтэй байх, гэрийн нөхцөлд хийж болох хөнгөн иог болон бусад гэдэс, хэвлийн дасгалуудыг хийж байхыг зөвлөж байна.

Эцэст нь сэтгэл зүйгээ үргэлж өөдрөг, эрч хүчтэй байлгах нь юу юунаас илүү эрүүл зөв аргаар турахад тань туслах тул миний “Сэтгэл зүйг ашиглан жингээ хасах нь” нийтлэлийг нөхөж уншихыг танд санал болгож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ