2014 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар тогтоолоо

Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр, тухайн орон нутгийн байгаль, цаг уурын онцлог, энэ онд цэргийн албанд татах цэргийн насны залуусын тоо зэргийг харгалзан энэ онд улсын хэмжээнд 714 хүнийг цэргийн алба дүйцүүлэн хаалгахаар тогтоолоо. Өнгөрсөн онд энэ хязгаарыг улсын хэмжээнд 659 хүнээр тогтоож байсан юм.

Харин дүйцүүлэн хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг өнгөрсөн оныхоос 700 мянга орчим төгрөгөөр өсгөж, 4 сая 413 мянга 314 төгрөг байхаар баталлаа. Энэ нь хугацаат цэргийн нэг алба хаагчийн хангамж, үйлчилгээний зардалд үндэслэсэн мөнгөн дүн юм. Сум, галт зэвсэг, шатах тослох материал зэрэг үндсэн хэрэглэлийн өртгөөс гадна хүнс, хувцас, орон байр, эмнэлэг үйлчилгээ, сургалт, соёл, захидал харилцаа, үзвэр, цалин, нийгмийн даатгалын зардлыг үүнд оруулж тооцдог байна. Иргэд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хааснаас орсон орлогыг "Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу 50 хувийг орон нутгийн төсөвт, үлдсэнийг улсын төсөвт төвлөрүүлдэг.

Монгол Улсын иргэдийг Үндсэн хуулиар хүлээсэн "эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах" үндсэн үүргээ биелүүлэх нөхцөл бүрдүүлэх, батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх, эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, дайчилгааны бэлтгэл нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор цэргийн насны залуусаар цэргийн албыг дүйцүүлэн хаалгадаг.

Дүйцүүлэх албыг зохих журмын дагуу хаалгах, орлуулан хаагчдын мөнгөн төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Батлан хамгаалах, Сангийн сайд нарт болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Өнгөрсөн онд Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа анги, салбар, аврах отряд, хилийн цэрэгт туслах хүчин, хүмүүнлэгийн байгууллагад цэргийн насны залуусаар дүйцүүлэх алба хаалган цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлсэн байна. Үүний зэрэгцээ тэднийг байгалийн гамшиг, ослоос сэргийлэх, хүн малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан байна. Энэ арга хэмжээ цаашид ч үргэлжилнэ.

2014 онд цэргийн дүйцүүлэн албанд элсүүлэх иргэдийн тооны дээд хязгаар

№Аймаг, нийслэл Тооны дээд хязгаар

1Архангай40

2Баян-Өлгий40

3Баянхонгор25

4Булган 35

5Говь-Алтай 30

6Говьсүмбэр5

7Дархан- Уул35

8Дорноговь10

9Дорнод30

10Дундговь 25

11Завхан 30

12Орхон15

13Өвөрхангай45

14Өмнөговь40

15Төв 40

16Увс 35

17Сэлэнгэ 30

18Ховд 60

19Хөвсгөл 70

20Хэнтий20

21Улаанбаатар54

Бүгд 714

СЭТГЭГДЭЛ БИЧИХ