"Монгол цуур” Үндэсний хөтөлбөр баталлаа
Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас боловсруулсан "Монгол цуур” Үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.
Монголчуудын нүүдлийн ахуй, соёлоор дамжин үеэс үед өвлөгдсөөр ирсэн ч эзэмшсэн хүнтэйгээ хамт үгүй болж, мартагдах аюул тулгараад байгаа соёлын биет бус өвийн нэгэн төрөл зүйл бол Алтайн Урианхайн цуур хөгжим, түүнийг хийх арга барил, цуурдах уламжлалт урлаг юм. Ийм ч учраас цуур хөгжмийг 2009 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн байдаг.
Баруун Монголын Урианхайн цуурдах урлагийг өвлөсөн сүүлчийн төлөөлөгч Ховд аймгийн Дуут сумын ардын гоц авьяастан Паарайн Наранцогт агсан амьд сэрүүн ахуйдаа зааж сургасан цөөн тооны хүн л өнөө үед энэ урлагийг залгамжилж байна. Алдарт цуурч П.Наранцогтын удмын цуурчид, судлаач эрдэмтэд 2006 оноос "Хүннү цуурчдын холбоо" байгуулж, цөөн тооны өсвөрийн цуурч бэлтгэжбайна. Гэвч багш, шавийн тоо цөөн, цуурдах арга барил, ур чадвар дутмаг, урын сан ядуу, санхүүгийн боломж муутай байгаа нь бэрхшээл учруулж байна.
Иймд өнөөдөр баталсан “Монгол цуур” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн бодлого, дэмжлэгтэйгээр цуурдах урлаг, уламжлалт урын сан, цуурын урлалтай холбогдох зан үйлийг сэргээж, залгамжлуулах ажлууд хийхээс гадна аймаг, нийслэлийн Засаг дарга нар “Монгол цуур" үндэсний хөтөлбөрийг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллана.
Энэ урлагийг судалгааны эргэлтэд оруулах нь ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийг хамгаалах болон Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах, улмаар хөхиүлэн дэмжих тухай конвенциуд, Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг амьдралд хэрэгжүүлэх нэгэн чухал алхам болно гэж үзэж байна.
Товчхон:
- Гадаад харилцааны сайд Л.Болдын 2014 оны 3 дугаар сарын 16-21-нд Австралийн холбооны улсад хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийг баталлаа. Австрали улс Монгол Улсын "гуравдагч хөрш", Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал түншийн нэг болохыг нотолж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг "өргөтгөсөн түншлэлийн" түвшинд хөгжүүлэх, уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд энэ айлчлалын зорилго чиглэнэ.
- Монгол Улсад Өмнөд, өмнөдийн хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг ҮХАА-н сайд Х.Баттулгад олгохоор тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ