Мартын 8-ны баярыг хэдийнээс тэмдэглэж эхэлсэн бэ?

Бидний ихэнх маань Мартын – 8 ны баярыг тэмдэглэх болсон түүхийг тэр бүр мэддэггүй. Мартын -8 ны түүх бол эмэгтэйчүүдийн өөрсдийн эрхийн төлөө тэмцлийн түүх юм. Гэхдээ яагаад заавал гуравдугаар сарын наймныг эмэгтэйчүүдийн баярын өдөр болгон тэмдэглэх болов ? Бүр эртний Ромд матронуудын баяр болох эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэдэг байжээ. Матрон гэдэг маань гэр бүлтэй, чөлөөт эмэгтэйчүүдийг хэлдэг бөгөөд энэ өдөр тэдэнд нөхөр нь анхаарал халамж тавьж бэлэг өгдөг байсан байна. Энэхүү баярын өдөр боол эмэгтэйчүүдэд бас бэлэг өгдөг байж. Түүнээс гадна тэднийг ажлаас чөлөөлж амраадаг байжээ.
Ромын эмэгтэйчүүд хамгийн сайн хувцас хунараа өмсөн, толгойдоо цэцгэн эрхи зүүж гал голомтны сахиусан тэнгэр Веста дагины сүмд очиж мөргөл үйлддэг байсан түүхтэй юм . Ингээд багагүй хугацаа өнгөрчээ. Эмэгтэйчүүд өөрсдийн амьдралыг өөрчилж, эрэгтэйчүүдтэй адил тэгш эрхтэйбайхын төлөө тэмцэж эхлэхээр шийджээ.1857 оны 3-р сарын 8 нд Нью-Йорк хотод гутлын болон оёдлын үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд эсэргүүцлийн жагсаалд цугларчээ.
Тэд өдрийн ажлын10 цагтай байх, ажлын орчныг чийггүй хуурай болгох, мөн эрэгтэйчүүдтэй адилхан цалин хөлс өгөхийг шаардсан юм. Тэр үед эрэгтэйчүүд хоногт 10 цаг ажилладаг байсан бол эмэгтэйчүүд 16 цаг ажилладаг байсан юм. Тухайн цагт АНУ-ын үйлдвэрүүдэд үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд олноороо бий болж байлаа. 1857 оны 3-р сарын 8-ны дараа дахин нэг ҮЭ байгуулагдсан бөгөөд түүнд анх удаа эмэгтэйчүүд гишүүнээр элсч байсан түүхтэй.Тэр 3-сарын 8 ндсонгуульд оролцох эрхийг тэд мөн шаардсан юм.
Хорьдугаар зууны эхээр эрчүүдийн өөрсдийг нь дорд үзэх явдалд дургүйцсэн эмэгтэйчүүд гартаа барьсан түмпэн саваа нүдэж, тэднийг хүндлэхийг, улс төрийн адил тэгш эрх чөлөө олгохыг, үйлдвэрт ажиллах боломж олгохыг, цэрэг цагдаад адилхан алба хаалгахыг шаардаж Чикаго хотын гудамжинд гарч жагссан аж. Үүний дүнд тэр өдөр олон эрчүүд хоосон хоносон гэдэг. Тэгээд эр нөхрүүд нь ямар нэг арга зам олсон юмуу, эсвэл гэрийн эзэгтэй нар уураа нэг сайн гаргаж аваад хэцүү хувь заяатайгаа эвлэрсэн ч юмуу ямарч гэсэн нэг хэсэг тайвширчээ.
1908 оны 3-р сарын 8 нд эмэгтэйчүүд дахин хүүхдийн хөдөлмөрийг хориглох, үйлдвэрүүдэд ажлын нөхцлийг сайжруулах, эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх чөлөө олгохыг шаарджээ. Харин түүний дараа жил нь Америкийн социалист нам 2-р сарын сүүлчийн ням гаригийг Үндэсний эмэгтэйчүүдийн өдөр болгон зарласан юм. Түүнээс хойш хэдэн жилийн хойно 1910 онд Копенгаген хотод болсон социал-хувьсгалч эмэгтэйчүүдийн олон улсын 2-р их хурал дээр Клара Цеткин гэх эмэгтэй эмэгтэйчүүдийн өдрийг бүх дэлхий даяар тэмдэглэхийг уриалжээ.
Олон орны эмэгтэйчүүд ядуурлын эсрэг , тэгш эрхийн төлөө , хөдөлмөрлөхэрхийн төлөө , энх тайвны төлөө тэмцэлд нэгджээ.Ингээд 1911 онд Австри , Дани , Герман , Швейцарь зэрэг орнуудад энэ баярыг анх удаа тэмдэглэсэн юм. Тэр үеэс эмэгтэй хүмүүс анх удаа сонгуульд оролцох , удирдах албан тушаалд ажиллах, мөн үйлдвэр заводод эрэгтэйчүүдтэй адил эрхтэй болсон. Тэгсэн ч энэ баяр жинхэнэ“олон улсын” болж чадаагүй. Тухайн үеийн хууль цааз хатуу, өөрийнхөө эрхийн төлөө тэмцэх ямар нэг хэлбэрийг хувьсгалт тэмцэлд тооцож шорон гянданд хорьж, цөлдөг байснаас эмэгтэйчүүд залхсан ч гэсэн гал тогоогоо шоронгоор солихыг хүсээгүй бололтой.
Ийм маягаар дээрх хөдөлгөөн аажмаар намжсан. Харин Орос улсад Октябрын төрийн эргэлтийн дараа Чикагогийн явдал болон Клара Цеткиний уриалгыг санаж өөр үзэл сурталтны баярын оронд өөрийн баярыг бий болгох зорилгоор зөвлөлт засгийн анхны жилүүдэд мартын 8-ны баярыг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн. Манай улс ч гэсэн даган дууриахаас өөр замгүй байсан байх . Гэхдээ коммунистууд мэдээж энэ баярыг үзэл суртлын зэвсэг болгон ашигласан.
Манай ахмад үеийнхэн энэ баярыг хэрхэн тэмдэглэдэг байсныг сайн санаж байгаа. Эмэгтэйчүүдийн социалист уралдаан, баярын хурал, баярын бичгээр шагнах гээд л... хаврын тухай хайр сэтгэлийн тухай харин хэн ч дурсдаггүй байлаа. Харин 1990 оноос хойш мартын наймны баярыг арай өөрөөр тэмдэглэх болсон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ