Алга болсон Боинг террористуудын золиос болсон байж магадгүй

Куала Лумпураас Бээжинг чиглэн ниссэн 227 зорчигч, 12 багийн гишүүнтэй Малайзын иргэний агаарын зорчигч тээврийн Боинг 777-200 онгоцыг эрэн хайсаар байгаа ч одоог хүртэл олдоогүй хэвээр байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр онгоцонд сууж явсан зорчигчдын 2 нь хуурамч бичиг баримт хэрэглэсэн нь батлагджээ. Тиймээс онгоц сураггүй алга болсон энэ хэрэгт алан хядагчид оролцсон байж магадгүй хэмээн АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Интерпол оролцож эхэлжээ.
Онгоцны 227 зорчигчдын дунд австрийн 1, италийн 1 иргэн явсан тухай өчигдөр мэдээлсэн. Тэгвэл Австрийн Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мартин Уайсс Малайзын албаныханд хандан онгоцонд зорчиж явсан гэгдэх австри иргэн нь хоёр жилийн өмнө гадаад паспортоо хулгайд алдсан болохыг мэдэгджээ. Тиймээс түүний хулгайд алдагдсан бичиг баримтыг ашиглан хэн нэгэн өөр хүн онгоцонд зорчиж явсан бололтой. Тэгвэл Италийн цагдаагийн газраас ч мөн үүнтэй утга нэг мэдэгдэл ирүүлжээ. Учир нь Италийн цагдаа нар онгоцонд сууж явсан гэх Луижи Маральдигийн гэрт очиж ослын талаар мэдэгдсэн байна. Гэтэл Маральдигийн аав хүүгээ Тайландад амарч байгааг батлан өгүүлээд хүү нь өнгөрсөн оны наймдугаар сард гадаад паспортоо хулгайд алдсан гэжээ.
Иймээс Боинг 777-200 онгоцонд хоёр этгээд австри болон италийн иргэдийн алдагдсан пасспортоор нэвтэрсэн болохыг баталгаажуулаад байна. Холбооны мөрдөх товчооны тусгай багийнхан Малайз руу нисэж Куала Лумпурт АНУ-ын элчин сайдын яаманд байрлаад байгаа бөгөөд Интерполын ажилтнуудтай хамтран бусад зорчигчдын бичиг баримтыг ч шалгаж эхэлжээ.
Шөнийн харанхуйгаас шалтгаалан агаараас хайгуул хийх ажиллагааг түр зогсоогоод байсан ба одоо дахин үргэлжилж байна. Харин тэнгист хайх ажиллагаа шөнийн турш үргэлжилжээ.
Вьетнамын цэргийн нисэх онгоцнууд өмнөд эргийн ойролцоо тэнгисийн усанд шатахууны хоёр хэсэг толбо байгааг илрүүлсэн тухай өчигдөр орой мэдээлсэн билээ. Тиймээс энэ хэсэг районд эрэл хайгуулыг эрчимжүүлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.





СЭТГЭГДЭЛ БИЧИХ