Боингийн хэлтэрхий байж болох биет илрүүлжээ

Бямба гаригийн үүрээр Малайзын нийслэл Куала Лумпураас Бээжинг чиглэн ниссэн 227 зорчигч, 12 багийн гишүүнтэй Малайзын иргэний агаарын зорчигч тээврийн Боинг 777-200 онгоцыг эрэн хайх ажиллагаа одоог хүртэл үргэлжилсээр байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр эрлийн ажиллагаанд оролцож байгаа Вьетнамын тэнгисийн цэргийн нисэх онгоцноос тус улсын баруун өмнөд эргийн ойролцоох То Чу арлаас 80 км зайд буюу Тайландын булангийн усанд хөвж яваа биет илрүүлжээ.

Энэ үед ням гаригийн оройн 18.30 цаг болж үдшийн харанхуй нөмөрч байсан тул тухайн биетийг агаараас юу болохыг нь хангалттай тодорхойлох боломжгүй байсан байна. Энэ үед Вьетнамын тэнгисийн цэргийн гурван ч хөлөг онгоц тус обьектын тэмдэглэгдсэн байрлалд очсон боловч олоогүй аж. Энэ тухай Вьетнамын Үндэсний аврах, эрэн хайх хорооны хэвлэлийн төлөөлөгч Ханг Нгуен CNN агентлагт уламжилжээ.

Ням гаригийн үд дунд Малайзын агаарын хүчний мэргэжилтнүүд нэгэн шинэ таамгийг гаргасан нь Боинг онгоц нислэгийн чиглэлээ өөрчлөн буцаж эргэсэн байх магадлалтай гэжээ. Радарын дэлгэцнээ хамгийн сүүлд Боинг онгоц алга болохын өмнөхөн хийсэн үл ялиг хөдөлгөөнийг шинжилж судалсан мэргэжилтнүүд ийм таамаглал гаргажээ. Тодруулбал Боинг 777 онгоцны багийнхан Вьетнамын агаарын хил рүү ормогцоо буцаж эргэх хөдөлгөөн хийгээд радараас сураггүй алга болсон юм.

Энэ дүгнэлтийг ням гаригийн өглөө нийтэд ил болсон нэгэн мэдээлэлтэй холбож үзэгсэд ч цөөнгүй байна.

Учир юун гэвэл онгоцонд сууж явсан зорчигчдын 2 нь хуурамч бичиг баримт хэрэглэсэн нь батлагдсан ба онгоц сураггүй алга болсон энэ хэрэгт алан хядагчид оролцсон байж магадгүй хэмээн АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Интерпол эрэл хайгуулын ажилд оролцож эхэлсэн юм.

Онгоцны 227 зорчигчдын дунд австрийн 1, италийн 1 иргэн явсан тухай мэдээлэл цацагдсан. Тэгвэл Австрийн Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мартин Уайсс Малайзын албаныханд хандан онгоцонд зорчиж явсан гэгдэх австри иргэн нь хоёр жилийн өмнө гадаад паспортоо хулгайд алдсан болохыг мэдэгджээ. Тиймээс түүний хулгайд алдагдсан бичиг баримтыг ашиглан хэн нэгэн өөр хүн онгоцонд зорчиж явсан бололтой. Тэгвэл Италийн цагдаагийн газраас ч мөн үүнтэй утга нэг мэдэгдэл ирүүлжээ. Учир нь Италийн цагдаа нар онгоцонд сууж явсан гэх Луижи Маральдигийн гэрт очиж ослын талаар мэдэгдсэн байна. Гэтэл Маральдигийн аав хүүгээ Тайландад амарч байгааг батлан өгүүлээд хүү нь өнгөрсөн оны наймдугаар сард гадаад паспортоо хулгайд алдсан гэжээ.

Иймээс Боинг 777-200 онгоцонд хоёр этгээд австри болон италийн иргэдийн алдагдсан пасспортоор нэвтэрсэн болохыг баталгаажуулсан юм. Холбооны мөрдөх товчооны тусгай багийнхан Малайз руу нисэж Куала Лумпурт АНУ-ын элчин сайдын яаманд байрлаад байгаа бөгөөд Интерполын ажилтнуудтай хамтран бусад зорчигчдын бичиг баримтыг ч шалгаж эхэлжээ.

Тиймээс дээр дурдсан радарын шинжээчдийн мэдээлэлд үндэслэн Хятадын нэгэн сайтад “Алан хядагчид онгоцыг барьцаалж нисэх чиглэлийг огцом эргүүлж өөрчилсөн ба энэ үедээ ямар нэгэн учир шалтгаанаас (магадгүй тэмцэл өрнөсөн байж мэднэ) онгоц далайд унасан” байж болзошгүй гэжээ. Тэр үед л шатахуун асгарч 15 км орчим зайтай шатахуун асгарсан хоёр толбо (веьтнамын эргийн харуулын онгоцнууд тэнгист шатахууны хоёр толбо илрүүлсэн юм) үүссэн гэнэ.

Гэсэн ч энэ мэдээллийг албаныхан одоогоор баталгаажуулаагүй байна. Онгоцонд зорчигсдын ар гэрийнхэн бямба гаригийн өглөөнөөс өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдтэй мэдээлэл хүлээж аваагүй учир асар их уур бухимдалтай байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Онгоц эргэж ниссэн байж магадгүй тухай дээрх дүгнэлттэй холбоотойгоор зөвхөн Вьетнамын өмнөд эргийн ойролцоох тэнгисийн усанд хийж байсан эрэл хайгуулын талбайг томсгож Тайландын булан ба Малайзын эрэг хүртэлх уудам орон зайд хайгуулын үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь ч оносон шийдвэр байж дээр дурдсан онгоцны хэлтэрхий байж болох зүйлийг илрүүлсэн байна.

Одоогоор Малайз, Вьетнам, Тайланд, Хятад, Австрали, АНУ зэрэг орнууд энэ ажиллагаанд нэгдсэн бөгөөд хамгийн сүүлд хятадын тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц өмнөд Вьетнамын тэнгист ирсэн ба газар уснаа явагчууд буулгаж эрэлд нийлүүлжээ.

Шөнийн харанхуйгаас шалтгаалан агаараас хайгуул хийх ажиллагааг түр зогсоогоод байсан ба одоо дахин үргэлжилж байна. Харин тэнгист хайх ажиллагаа шөнийн турш үргэлжилжээ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ