Амьтдад заяасан “хосгүй” мэдрэхүйнүүд

Дурьдаад үл дундрам эх дэлхийнхээ дуусашгүй сонин хачин хийгээд танин мэдэхүйн мэдээ мэдээллийнхээ үргэлжлэлээр энэ удаа амьтдад л “гагцхан” заяасан өвөрмөц мэдрэхүй, эрхтэн тогтолцооны тухай дараах сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

1. “Цулбуурт” загас
Өмнөд Америк, Африк болон Ази тивийн халуун орны далай тэнгист нутагладаг цулбуурт загасны бие нь бүхэлдээ хүний хэлэн дээр байдаг амт мэдрэх хөхлөг эдээр бүрхсэн байх ба амт мэдрэх хөхлөг эд нь хүний хэлэн дээр 10.000 орчим байдаг бол цулбуурт загасанд 250.000 гаруй байдаг тухай эрдэмтэд судалжээ. Тэд 3 - 4 хос байх урт сахалнуудаараа хоол тэжээлээ тэмтэрч олдог бөгөөд хүний хэлээрээ мэдэрдэг бүхнийг цулбуурт загас бүх л биеэрээ мэдэрдэг онцгой амьтан ажээ.

2. Сарьсан багваахай
Дэлхий дээр 1240 гаруй нэр төрлийн сарьсан багваахай аж төрдөг бөгөөд үүнээс навчит ногоон ургамал идэшт, шавж болон загас идэшт цөөнгүй төрлийн багваахайнууд байх ч “Вампир” буюу цусаар хооллогч сарьсан багваахай бас байх ажээ. Энэ төрөл нь түүнийг цусаар хооллодог сүүн тэжээлт цор ганц амьтан хэмээн нэрлэхэд хүргэсэн байх бөгөөд “Цус сорогч” сарьсан багваахайнуудад заяасан өвөрмөц мэдрэхүй нь тэдний үзэшгүй “хамар” гэнэ.
Энэ нь тэдэнд амьд организмын судсаар гүйж байгаа цусны урсгалыг мэдрэхэд тусалдаг ба товчоор хэлбэл тэд бидний “цусны тогтолцоо”-г хардаг гэсэн үг ажээ. Түүнчлэн сарьсан багваахай 16 см зайд байгаа амьд биеийн температурыг мэдэрдэг гэнэ. “Цус сорогч” сарьсан багваахайнууд 40 гр орчим жинтэй байх ба 2 цагийн цус соролтоор 20 гр цус сорох чадвартай байдаг гэнэ.

3. Ганц “эвэрт” халим
Хойд туйлын тэсгим хүйтэн далайн усанд амьдардаг ганц “эвэрт“ халим буюу Нарвал халимны эвэрний тухай эрдэмтэд одоо ч санал зөрөлддөг бөгөөд нууцыг хараахан тайлаагүй байх ажээ. Цахим нэвтэрхий толиудад бичсэнээр энэхүү эвэр нь шүд ч биш соёо ч биш харин 10 гаран сая мэдрэлийн эсээс бүрдсэн өвөрмөц эрхтэн гэнэ.

Бэлгийн шалгарлын үр дүнд үүссэн гэгддэг эл эвэрний өнгө нь халимыг нас бие гүйцэж томрох тусам өөрчлөгдөж цагаан өнгөтэй болдог байна. Эл эврийнхээ тусламжтайгаар тэд далайд хөвөх мөс, мөсөн уулны хэлбэр, хэр том болохыг мэдрэхийн зэрэгцээ далайн усны хэм, усны даралт зэргийг хэмжихэд тусалдаг ажээ.

4. Хуягт “нялцгай” биетэн
"Кайтэн(с)" гэж нэрлэдэг далайн нэгэн зүйл нялцгай биет нь шохойн чулуу мэт харагдах хатуулаг буюу чулуулаг нүдтэй бөгөөд энэ нь төдийлөн сайн харахгүй ч гэрэлтэй эсвэл харанхуй, мөн аливаа зүйлийн хэлбэрийг ялгах чадвартай байдаг өвөрмөц эрхтэн гэнэ.

5. “Алхан толгойт” махчин загас
Гүн тэнгисийн аварга махчин загаснуудад тэр бүр заяагаад байдаггүй хосгүй чадварууд эл махчин амьтанд байдаг нь үнэрлэх болон харах мэдрэхүй бөгөөд тэд бусад төрлийн махчин загаснаасаа хамаагүй хол зай дахь цахилгаан долгионыг мэдэрдэг гэнэ.
Лусын амьтад хөдөлгөөн бүрээрээ тодорхой хэмжээний цахилгаан долгионыг далайн усанд үүсгэдэг бөгөөд амьтдын эл хөдөлгөөнийг толгой дээрээ байх цахилгаан мэдрэгч “нүхэн” эрхтнийхээ тусламжтай мэдэрсэн аварга махчин загаснууд шуурхайлан тэднийг зооглох хэлбэрээр цахилгаан долгионыг мэдэрч идэш хоолоо олдог ажээ.

6. Могой
нь та бидний хардагчлан гадна ил харагдах “чих”-гүй боловч энэ нь тэднийг дүлий гэсэн үг биш юм. Тэдний толгойн дотор эрүүний ястай нь холбогдсон мэдрэхүйн бяцхан эрхтэн тогтолцоо байх бөгөөд үүгээрээ богино давтамжтай чимээ болон аливаа зүйлийн чичиргээнийг мэдэрдэг ажээ. Могой нь бусад амьтдыг айлгах зорилгоор исгэрсэн чимээ гаргах агаад хоорондоо ямар ч чимээ гаргаж харилцаа холбоо тогтоодоггүй ажээ.

7. Цох
Эрдэнийн өнгөөр солонгорсон нэгэн зүйл цох нь 80 хүртэлх км-ийн хол зайтай гарч байгаа түймрийг мэдрэх чадвартай бөгөөд түймэрт шатаж байгаа моддын чимээг хүртэл сонсдог болохыг Германы эрдэмтэд тогтоожээ. Тэд авгалдайгаа шатсан модонд гаргадаг нь магад ийн хосгүй мэдрэмжийг өгсөн ч байж болох...

8. Эрвээхий
Зун цагийн чимэг болсон "эрвээхий" нь далавчин дээрээ үстэй байх ба энэ нь тэдэнд орчны температурыг мэдрэхэд тусалдаг байна.

9. Шумуул
нь хүний биеэс ялгарах хэдэн зуун үнэрийг ялгарах чадвартай “шимэгч” амьтан бөгөөд гол төлөв хатгахаар сонгосон хүнийхээ хөлний үнэрээр буюу бүдүүлгээр хэлбэл “шивэр”-ний үнэрт илүүтэй татагдаж цусыг нь сордог гэнэ.

10. Далайн хясаа
нь 100 хүртэлх харах эрхтэн буюу нүдтэй байх бөгөөд энэ нь дөхөж ирсэн хөнөөлт амьтдын сүүдрийг мэдрэх үүрэгтэй болов уу гэсэн эрдэмтдийн таамаг байдаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ