Сураггүй болсон Боингд Монголыг зорьсон зорчигчид байжээ

Дөрөв дэх өдрөө үргэлжилж буй Малайзын Боинг 777-200 онгоцны эрэл хайгуултай холбоотой мэдээлүүд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол сэдэв болж байна.
Эрлийн ажиллагаанаас гадна Куала Лумпураас Бээжинг зорьсон “MH370” нислэгт зорчсон зорчигчдын мэдээллийг дэлгэж эхэлжээ. Тэдний дотор төрөл бүрийн ажил мэргэжилтэй, янз бүрийн насны хүмүүс байгаагийн зэрэгцээ манай улсыг зорьж ниссэн хүмүүс ч байсан аж. Тухайлбал 50 настай Чандрика Шарма хэмээх эмэгтэй өчигдөр нийслэлд эхэлсэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн хуралдаанд оролцохоор тус онгоцонд суусан байна.
Мөн Шинэ Зеландын иргэн 39 настай Пол Уикс хэмээх эр уул уурхайн компаниас авсан ажлын саналынхаа дагуу манай улсыг зорьсон аж. Хачирхалтай нь Пол Уикс онгоц сураггүй алга болохыг урьдаас мэдсэн мэт эхнэртээ захиас хэлж үлдээжээ.
Австралийн ABC агентлагийн мэдээлснээс үзвэл тус улсын Перт мужаас гаралтай хэдий ч Шинэ Зеландын иргэншилтэй болсон Пол Уикс нь эхнэр, хоёр хүүхэдтэй бөгөөд өөрт нь ямар нэгэн зүйл тохиолдвол хоёр хүүдээ өгөхийг гэрээслэж бугуйн цаг болон бөгжөө эхнэртээ захиж үлдээжээ.
Эхнэр Даникагийнх нь өгүүлснээр гурван настай том хүү Линкольнд насанд хүрч гэрлэх үед өгөөрэй гээд хуримын бөгжөө, бугуйн цагаа ой хүрч яваа бага хүү Жект өгөөрэй хэмээн үлдээсэн гэнэ.
www.bataar.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ