Т.Дуламдорж: “Петрочайна Дачин Тамсаг”-т гарсан гал бүрэн унтраагүй

Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тос олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” компанид өчигдөр гал гарсны улмаас хоёр хүний амь эрсдэж, найман машин шатсан талаар манай сайт мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр уг асуудлаар ОБЕГ, Газрын тосны газар хамтран мэдээлэл хийлээ. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдоржоос зарим зүйлийг тодруулахад “Галын шалтгааныг тодруулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Гадны нөлөөтэй эсэхийг шалгаж байна. Одоогоор урьдчилсан байдлаар дүгнэлт гаргах боломжгүй байна.
Ер нь газрын тос олборлох орчин нь шатамхай нөхцөлд байдаг. Гал гарсан газар нь тусгайлсан олборлолтын талбай бөгөөдцементэлсэн байдаг учраас байгаль орчинд нөлөөлөхгүй. Ослын газраас хоёр цогцос олдсоныг шалгаж байгаа.
Мөн БНХАУ-ын иргэн 70 хувийн түлэгдэлттэй байсан, шөнөдөө Бичигтийн боомтоор дамжин өмнөд БНХАУ руу эмнэлэгт хүргэгдээд байгаа. Гал гарсан 19-р баазад нийт 100 гаруй ажилчин ажилладаг. Үүнээс 38 нь БНХАУ-ын иргэн байдаг. Гал бүрэн унтраагүй байгаа ч аюулгүй байдалд байгаа. Ажлын хэсэг шуурхай ажиллаж галыг бүрэн унтраахаар ажиллаж байна.
“Петрочайна Дачин Тамсаг” компани сайн дурын гал унтраах томилгоот бүрэлдэхүүнтэй, нэг гал унтраах автомашинтай байсан. Гал түймрийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байсан нь ажлын хэсгийн дүгнэлтээс гарч ирнэ. Газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газруудаас ажлын хэсэг гарч ажиллаж саналыг Шадар сайд Д.Тэрбишдагвад саналаа хүргүүлсэн” гэлээ.
Б.Танан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ