Нийгмийн хамгийн харшилт дайсан бол хадам ээж

Хошин шогийнхон улам л хошин шогийн болоод байх юм. Бүүр хошин, хошин гэхэд хүн инээх бус уйлах, эмгэнэх хэмжээнд хошин шог тоглох болов. Муу Бооёо эмээ болох юм аа. Жүжигчин хүн ямар дүрд хувирах нь үзэгч надад хамаагүй л дээ. Гэхдээ эмээ гэхээр л нэг майжигнасан, согтсон, бусдыг царайчилсан, гуйвсан, дайвсан, бусдын элэг доог болсон эмээ болох.
Хүүхдээ, настай ээжээ дагуулаад үзэх гэхээр зүрх халширна. Энэхүү хошин шогийг үзсэн хүү минь дараа нь хошин шогийнхоныг дуурайж эмээгээ чадах гээд сахилгагүйтвэл би яах вэ. Энэ ч дүүрч гэхэд эмээ минь хошин шог үзэж, сэтгэл санаагаа хөгжөөх бус харин ч би бусдад ингэж л харагддаг байх даа гэж сэтгэлээр унаад гарах нь над инээд болох уу, ханиад болох уу.
Зарим нэг эрэгтэй жүжигчид нь хадам ээж болж тоглох юм. Хадам ээж гэхээр л нэг их хахир, чанга, бусдыг айлгасан, нийгмийн цочроосон хэргийн эзэд. Хадам ээжийг л чадаж байвал бусдад инээд бэлэглэж байна гэж хошин шогийнхон дүгнэлт хийдэг бололтой.
Хүний хорвоо сайнтай, муутай. Сайн ч хадам байдаг л байх, муу нь байгаа. Гэхдээ л хүний хорвоо болохоор хүссэн хүсээгүй хүн бүхэн үр хүүхэдтэй болж, хадам хэмээх сэтэр зүүх өдөр ирэх байх. Тэр өдөр эмэгтэй бүхэн нь “хадам-чөтгөр”, эрэгтэй бүхэн нь “хадам-хашраагч” болох юм уу хаашаа юм.
Нэг нөхөр шинэхэн суух гэж буй найз хүүхнийдээ ирж байна. Өмнө нь хоёр ч гэрлэсэн, хадмуудаасаа болж салж байсан, бурхнаас сайн хадамтай учруулж өгөөч гэж гуйсаар байгаад ирсэн гээд л учирлах. Хадам гэдэг хашраагч гэдэг ойлголтыг л их түгээгээд байх.
Жүжигчин Дэмидбаатарын бүтээсэн хадам ээжийн тухай хошин шог телевизороор гарч байна. Охин минь таны хадам ээж хэн бэ гэж асуугаад эмээгээ гэж сонсонгуут
-Эмээ, аав танд алим өгвөл битгий идээрэй гэж сэрэмжүүлж байх. Дөрөв тавхан настай хүүхдийн сэтгэхүйд инээд бус хорлогч аав, хор идэгч эмээ хоёр л бууж байгаа нь тэр.
Саяхан Олон Улсын эмэгтэйчүүдийн баяраар нэг найз минь хадам ээжийгээ баярлуулахаар хошин шог үзсэн гэнэ. Харин үзсэн, үзүүлсэн хоёр нэгнээ хараад инээх, баярласан, баярлуулсан бус нэгнээсээ санаа зовсоор гэртээ харьсан гэсэн.
Хадам ээжийгээ гомдоох гэж албаар үзүүлсэн ч юм шиг болоод явчихсан шүү гэж хэлэхдээ найз минь “Хошин шогийнхонд чинь хадам ээж гэдэг ганц дайсан байдаг бололтой” гэж байлаа. Үнэндээ хошин шогийнхонд гомдол гаргаж чаддаггүй эмээ нар, нийгмийн хамгийн харшилт дайсан бол хадам ээж л болж харагдаад байдаг бололтой.
Хадам ээжгүй, эмээгүй хошин шогийнхон мандтугай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ