Хэнтийн удирдлага шүлхийг хайхарсангүй

Могой жилийн намар налгар байсан ч өвлийн дунд сард Сүхбаатар аймгийн Онгон, Эрдэнэцагаан зэрэг зургаан суманд малын шүлхий өвчин гарч, малчдыг цочроосон. Хэдийгээр хорио цээрийн журмыг тэр даруй тогтоосон ч цагаан зээрээр дамжин халдвар тархаж болзошгүйг ОБЕГ-аас сэрэмжлүүлж байсан юм. Гэвч Хэнтий, Дорноговь аймгийн зарим суманд халдварлав.
Хэнтий аймгийн Галшар сумын зарим малчны үхэр сүрэгт шүлхийн шинж тэмдэг илэрсэн тул сар шинийн дараахан хөл хорьсон. Харин вакцинжуулалт хангалтгүй байлаа. Иймээс дахин хэдэн суурьд халдварласан байна. Хорио цээрийн дэглэм тогтоогоод хоёр сар шахам болж, өвчний голомтод байгаа малчид гурил будаа, цай тамхиар дутагдаж эхэлжээ. Уг нь тус аймагт шүлхий гарсан нутгийнханд туслах хандивын аян өрнүүлж, иргэд, албан байгууллагууд идэвхтэй оролцсон гэх боловч Галшар сумын шүлхий гарсан малчдын суурьд хүргэсэн тусламж дэмжлэг алга байгаад тэд бухимдалтай байна. Малчин Г.Өлзий-Оршихынх гэхэд аймаг, сумаас хүн үзэгдэхгүй ихэд удаж, аргагүйн эрхэнд явуулын хүний бараа харагдахад даллаж дохисоор тусламж хүлээж сууна.
Уг нь нэгдэл байх үед шүлхий дэгдэхэд сумын хилийн заагт аймгаас тусламжийн гурил будаа, хүнсний зүйл ачсан машин тусгайлан зассан вандан дээр ачаагаа буулгаж, нөгөө талаас нь сумынхан ирж аваад айлууддаа тарааж өгдөг байсныг ахмад малчид дурсан үгүйлж байна. Хөдөөний амьдрал ахуй сайн мэдэхгүй, байгалийн бэрхшээл, гоц халдварт өвчний гамшгийн үед ажиллах ухаанаа сайн олохгүй байгаа аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нар хөл хорио л тогтоочихвол болдог мэтээр өрөөндөө төсөөлж сууна. Цаана нь малчдын амьдрал ахуй, сэтгэл санааны асуудал юу юунаас илүү эмзэг гэдгийг гадарлахгүй байгаа бололтой. Тийм учраас малчид сэтгэлээр унаж, зэргэлдээ Баянхутаг сумтай хил залгаа Овоон булаг гэдэг газарт хонь шүлсээ гоожуулах боллоо гэж нутгийнхан эмзэглэж байна. Гэсэн ч энэ талаар аймгийн удирдлагууд анхаарч, оношилж тогтоосон юм одоохондоо алга.
Тус аймагт Хэрлэн голоос урагш сумдын иргэдийг аймгийн төвд нэвтрүүлэхгүй, Дорнод аймгийн шуудангийн автобус голынхоо хойд биеэр явж байгаа ч Сүхбаатар аймгийн шуудангийн машинд дайгдах, гол хөлдүү үед мөсөөр дамжин орж ирэх явдал гарсаар байлаа. Харин илүү олон сумыг хамарсан шүлхий өвчнийг Сүхбаатар аймгийнхан овоо хумьж чадаж байхад Хэнтийн удирдлагууд ганцхан сумынхаа малыг хямгадаж чадахгүй газар авахуулахад хүргэж байгаа нь нийслэлд ч ойртох муу ёрын дохио болж байна. Хэнтийд шүлхийн эсрэг тууштай арга хэмжээ авах цаг оройтсоор.
З.Хулд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ