АТГ мөнгө угаах гэмт хэргийг шалгана

Монгол Улсад эрхзүйн шинэчлэл хийж эхлээд хоёр жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд цагийн аясаар хуучирч хоцрогдсон олон хууль тогтоомжид салхи оруулж эхэлсэн юм. Ялангуяа Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөхтэй холбогдон Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай болов.
Сүүлийн үед идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа Авлигатай тэмцэх газар гэхэд хуульд заасны дагуу Эрүүгийн хуулийн есөн төрлийн гэмт хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалт явуулдаг. Харин Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн хөнгөн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөн цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн болон тагнуулын байгууллагын зарим ажилтны үйлдсэн хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулдаг байна. Өөрөөр хэлбэл, АТГ-ын харьяалан шалгадаг есөн гэмт хэргийг дээр дурдсан цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнуудаас гадна шүүгч, прокурор үйлдсэн бол Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгадаг ойлгомжгүй тогтолцоо байсан учраас татан буулгажээ.
Манай улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орж, соёрхон батлаад найман жил өнгөрч байна. НҮБ-ын төлөөллөөс бүрдсэн олон улсын шинжээчид манайд албан тушаалын болон мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах ажлыг АТГ-т харьяалуулахыг зөвлөсөн байдаг. Иймээс Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч зэрэг Прокурорын байгууллагын Мөрдөн байцаах албаны харьяалалд байсан хэргүүд АТГ-ын мөрдөн шалгах хэргийн харьяалалд, ахуйн чанартай гэмт хэрэг нь Цагдаагийн байгууллагын харьяалалд ямар нэг нэмэлт зохицуулалт хийхгүйгээр шилжих хуулийн төслийг Ш.Түвдэндорж, Ж.Батзандан, О.Баасанхүү, Ч.Хүрэлбаатар, А.Тлейхан нарын есөн гишүүн өргөн барьсан юм.
Ийнхүү Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шинэчлэлийн салхи орж, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, мөнгө угаах гэсэн хоёр шинэлэг заалт нэмж тусгагджээ. Хуулийг хувцас шигээ сольж байхгүй бол эргээд иргэдийнхээ эсрэг чиглэдэг гэсэн нэгэн үг байдаг нь цаг цагаараа байдаггүйг илтгэнэ.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ