Судлаач Д.Ганхуяг: Тэнцвэр хэт эвдэхээр


Украины явдал өнөөдөр эхэлсэн юм биш л дээ. Аль 1990-ээд оноос эхэлсэн юм. Манайхан бас л мартчихсан байгаа. Ахиад л сануулах хэрэг гарч байх шиг. Орон гаран монголчуудад мартсаныг нь сануулсаар байтал ирээдүй ярих зав гарахгүй юм байна л даа…
Даварсан түрэлт
Хуучин хоёр туйлт ертөнц байхад капиталист социалист хоёр системийн зааг нь Баруун, Зүүн Германаар хиллэж, түүнийг нь НАТО болон Варшавын гэрээний цэргүүд яс хамгаалдаг байв.
Ингээд ЗХУ задран унав. Берлины хана нурж, социалист систем нуран унав. Энд би асуудлын үзэл суртлын талыг ярихгүй. Хамгийн эхлээд гол саад болж байсан Варшавын гэрээг татан буулгав. Оросууд Германаас болон Дорнод Европоос цэргээ гаргав. Одоо л нэг энх тайван тогтох нь гэж дэлхий даяараа бодов.
Эрүүл ухаанаар бол одоо НАТО-г татан буулгах ёстой мэт санагдана. Барууныхан бид НАТО-г зүүн тийш нэг ч алхам өргөтгөхгүй, харин Оросууд Та нар наад пуужингуудаа устга гэсэн тулгалт хийв. Яагаад гэж асуутал дайны аюул занал алга болоогүй байна гэж хариулав. Улс нь задраад мөнгө ч байхгүй, сүр сүлд ч байхгүй болсон оросууд тэнэг юм шиг хамаг пуужингаа устгав.
Тэгээд одоо НАТО-гоо татан буулга гэв. Гэтэл Та нар аюултай хэвээрээ байна, бас лалын аюул ихэссэн учир бид НАТО-гоо зүүн тийш өргөтгөнө гэж өөдөөс нь хэлэв. Оросууд “за” гэхээс өөр яахав. Ингээд хуучин социалист орнуудыг НАТО-д элсүүлж, бүр Оросын хаяанд нь пуужингаа байрлуулав.
Энэ мэтээр НАТО өргөжсөөр, сүүлдээ “Дорнын НАТО” гэсэн томъёолол гаргаж Монгол мэтийн усан тэнэг орнуудад үйл ажиллагаагаа идэвхижүүлэв.
Зөвхөн барууныхан аюулгүй байдлаа хамгаалж пуужингаа хаа ч хамаагүй зоож болдог, бусад улс бол болдоггүй юм гэнэ. Ингээд зүүн тийш НАТО тэлж гарав. Хязгааргүй шүү дээ. Ингээд байхаар чинь ямар ч улс дургүйцдэг юм байгаа биз дээ.
Украиныг бол аль олон жилийн өмнөөс оролдсон юм. Одоо болохоор Украиныг Орос эзлэх гэсэн болж, Баабар мэт нь “геополитикийн” лекц уншиж хүний толгой эргүүлэх бөлгөө. Хэн нь тэнцвэрт байдал алдагдуулж байгааг бүгдээрээ харж л байгаа ш дээ. Европын Холбоонд хүртэл энэ талаар маргаан мэтгэлцээн явж л байна…
Америкаас болж Европ дандаа хохирдог л байхгүй юу…
Зарчим алдахаар
Украинд “Свобода” гэж үндэсний радикал нам байх. Дөнгөж саяхан 2012 оны 12 дугаар сард Евро парламент тогтоол гаргаж энэхүү “Свобода” намыг арьсны үзэлт, еврейн эсрэг үзэлт, бусад үндэстнийг үзэн ядагч (ксенофобия), Европын суурь зарчим, үнэт зүйлстэй зөрчилдөгч гэж үзээд Украины Радын ардчиллын талын намуудад энэ намтай эвсэл битгий байгуул гэж уриалсан юм. Албан ёсны тусгай тогтоол гаргаж байгаа тэр шүү дээ.
Гэтэл саяын төрийн эргэлтээр “Свобода” намын төлөөлөгч нөхөр шинэ Засгийн Газрын Батлан Хамгаалахын сайд болох нь тэр. Гэтэл Европын улсууд энэ Засгийн Газрыг хүлээн зөвшөөрч байна. Нөгөө сүрхий тогтоолоо хоолтойгоо холиод идчихэж…
Ингээд зарлан тунхагладаг зарчим энэ тэрээ алдаад ирэхээр хамаг юм нь болохоо больж байгаа юм. Крымийг нэгэнт алдсан, одоо бол Баруун Украинаа л авч үлдэе…
Нарийн ярих юм бол Баруун Украины Галиц мужийг Польш, Черновиц мужийг Молдов, Молдавыг болохоор Румын, Закарпатыг Унгар авна гэж хачин юм болно. Харин “бүгдийг” нь Герман авна гэнэ. АНУ мэдээж оролцоно. Харж л байгаарай. Тэгвэл Украинаас “үлдэх юм” нэг их гарахгүй л дээ.
Энд алсын их аюул байгаа учраас их тэмцэл болоод байгаа юм…
Дэлхий нийтийн дэг журмын хувьд
Дэлхийн II дайны дараа тогтсон дэлхий нийтийн дэг журам эдүгээ нэг л болохгүй байгаа. Энэ талаар бүгд мэдэж байгаа. Гэхдээ шинийг бодож олж чадаагүй байгаа. Ямар ч гэсэн нэг төвт тогтолцоо эвдэрч, олон төвт тогтолцоо үүсч байгааг амтай болгон ярьж байгаа.
Одоо “монгол дүгнэлт” буюу Баабарын дүгнэлтийг аваад үзье. Ноён Баабар ингэж дүгнэж байгаа:
“Колони орнууд өөрийн жамаар салан тусгаарладаг нь жам ёсны үзэгдэл. Ердөө гуравхан хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар улстай байсан Африк өдгөө бие даасан 50 улстай боллоо. Хамгийн сүүлд ЗХУ задран 15 тусгаар улс боллоо. Югослав тарж 7 тусгаар улс боллоо. Чехословак хуваагдсан. Гэтэл үүний зэрэгцээ эрх ашгийн хуваарилалтаар зохиомол улс ч буй болгодог үзэгдэл гарах болсон.”
Баабар “өөрийн жамаар салан тусгаарладаг нь жам ёсны үзэгдэл” гэж хэлж дуусаагүй байж жам ёсны үзэгдлийг харааж байна. Югославт энх тайван тогтсон уу ? Афганистанд энх тайван тогтсон уу ? Иракт энх тайван тогтсон уу ? Ливид энх тайван тогтсон уу ? Сирид энх тайван тогтсон уу ?
Энэ олон дайныг Орос өдөөсөн гэж Баабар хариулж байна. Битгий ингэж утгагүйрч бай гэж би түүнд мөн ч олон удаа сануулж байна даа…
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ