Олон жил эрэн сурвалжилсан маш аюултай этгээдийг барьжээ

Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд олон жилийн турш эрэн сурвалжлагдсан гэмт этгээдийг илрүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр ЭЦГ-ын ажилтнууд 1996 оноос хойш удаа дараагийн үйлдлээр бага насны хүүхэд хүчиндсэн болон хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргүүдэд сэрдэгдэн цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байсан Б-г баривчилсан байна. Удаа дараагийн онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн ч баригдалгүй оргон зайлж чаддаг байсан түүнийг ЭЦГ-ынхан сүүлийн нэг жилийн өмнөөсбайж болох газрыг тогтоож,шаардлагатай ажиллагаануудыг хийсний үр дүнд ийнхүү баривчилсан байна.
Б нь удаан хугацааны туршид овог нэрээ сольж, тодорхой хэмжээнд зүсээ өөрчилж Монгол Улсын иргэний бүртгэл мэдээллийн болон халамж үйлчилгээний сан, жолооны үнэмлэх, банк санхүүгийн байгууллага, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд бүртгэлгүйгээр амьдарч байсан байна. Түүнчлэн одоогийн хамт амьдарч байсан эхнэр нь түүний жинхэнэ овог нэрийг нь мэдэлгүй, мөн түүний аав ээж, төрөл төрөгсдийн нэг ч хүнтэй уулзалгүйгээр найман жил хамт амьдарч өдгөө хоёр хүүхэдтэй болсон байжээ.
Б нь 1971 онд Улаанбаатар хотод төрсөн, 43 настай,Э нэрээр Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байсныгЭрүүгийн цагдаагийн газар, мөрдөн байцаах газрын ажилтнууд олон жилийн мөрдлөгийн үр дүнд илрүүлсэн байна. Энэ этгээд нь цагдаагийн байгууллагын дүгнэж байгаагаарпедофили, (педофили (paedo-хүүхэд,philia- дурлах гэсэн утгатай грек үг) манъяк шинжийн төрхийг агуулсан гэмт этгээд бөгөөдхүчин, ялангуяа бага насны хүүхэд хүчирхийлж гаж маягаар дур хүслээ хангадаг этгээд юм. Ийм төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд нь маш болгоомжтой хашир, гаднаасаа харахад ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхээргүй царай зүстэй, зарим тохиолдолд өндөр боловсролтой, нийгэмд тодорхой байр суурь ч эзэлсэн хүмүүс байдаг байна.
Кино, ном зохиол дээр гардаг шиг үйл явдлын учгийг тайлж хүний ёсноос гаж үйлдэл хийдэг, нэр хаяг, зүс царай нь тодорхойгүй үл мэдэгдэх этгээдийг удаан хугацаанд мөрдөн шалгаж олж тогтооно гэдэг амаргүй. Мөн түүнчлэн хэн ч харсан гэмгүй, дөлгөөн царай зүстэй, ажил албатай байсан ч дотор хүн нь ямар аймшигтай болохыг дээрх дүгнэлтээс харж болно. Эцэг эхчүүд бага насны охин хүүхдүүдэд тавих анхаарлаа сулруулахгүй байхыг анхааруулж байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ