ВВС: Хүйтэн дайн эхэллээ
Украинд сүүлийн арван жилд үзэгдээгүй улс төрийн эмх замбараагүй байдал гарч шинэ Засгийн газар гарснаар ОXУ болон Украины хооронд асуудал үүсээд байгаа. Харин өнгөрсөн ням гарагт болсон олон нийтийн санал асуулга энэ байдлыг улам хурцатгаж өгөв.
Мөн ОXУ-ын Ерөнхийлөгч В.Путин Крымийн ард иргэд ОXУ-д нэгдэх санал хүсэлтийн шийдвэрт гарын үсэг зурсан байна. BBC, CNN зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн сайтуудын онцлох гарчиг нь “Хүйтэн дайны эхлэл цуурайтаж эхэллээ” хэмээн бичжээ. Хэрэв Украин үнэхээр хуваагдахаар бол газрын зураг дээр хэрхэн харагдах вэ гэдгийг CNN сайт дээр онцолжээ. Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Виталы Клицчко энэ тухай мэдэгдэхдээ “Крымийн ард иргэдийн 10-аас дээш хувь нь Зөвлөлтийн диктатор Сталины явуулсан Татар үндэстнүүд юм. Крым ОXУ-ын мэдэлд шилжвэл Татарчууд үндэстний цэвэрлэгээнд орох нь тодорхой” хэмээжээ.
Өнгөрсөн даваа гарагт Украины Ерөнхийлөгч О.Турчинов телевизээр мэдэгдэхдээ “Энэ бүх асуудлыг дипломат замаар шийдвэрлэх бүрэн боломжтой. Крэмлин түрэмгий зан авир гаргаж байгаа нь ардчилсан тогтолцооноос айж байгаа хэрэг юм. Гэхдээ энэ нь ардчилсан тогтолцоог бий болгоход саад тотгор болохгүй. Бид Крымийн тусгаар тогнолыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдсэн юм. Мөн Ерөнхий сайд А.Яценук “Энэ эмх замбараагүй байдлыг шийдвэрлэх энхийн ганц л зам бий гэдэгт би одоог хүртэл итгэж байна. Бид энхийг санал болгосон ч ОXУ дайныг санал болгосон” хэмээн шүүмжилсэн байна. Ирэх баасан гарагт ОXУ-ын хууль сахиулагчид Крымийн тухай хэлэлцэх бөгөөд тус хэлэлцүүлгээр Крымийн ард иргэд ОXУ-ын нэг хэсэг албан ёсоор болгох тухай хэлэлцэх юм. Мөн гуравдугаар сарын 30 наас Крымийн цагийг Москвагийн стандарт цагтай тэнцүүлэх ажээ.
Эх хэлний тухайд
Украины албан ёсны хэл нь Украин хэл бөгөөд нийт хүн амын 70 хувь нь хэрэглэдэг. Харин Зүүн, Зүүн өмнөд хэсгээр ялангуяа Крымийн нутагт аж төрдөг хүн амын ихэнх нь Украин хэлний эх болох Орос хэлээр ярьдаг. Шинэ Засгийн газар эрх мэдлийг гартаа авсан даруйдаа Орос хэлийг албан ёсны хэл биш болгож Орос хэлээр харилцахыг хориглосон мэт тушаал шийдвэрүүд гаргаж эхэлсэн нь Крымийн ард иргэдийг ОXУ-г сонгоход ихээхэн нөлөөлсөн байж магадгүй юм.
ОXУ-ын байдал
Баталгаатай эсэх нь эргэлзээтэй ч Хятад улс ОXУ-ын арыг дааж магадгүй. Учир нь ОXУ Украинд цэрэг оруулж, олон нийтийн санал асуулга явуулан барууныханы дургүйг хүргэсэн, үүний улмаас АНУ болон барууны хүчнийхэн ОXУ-г эдийн засгаар нь буулгаж авах гэж оролдлого хийсээр байгаа юм. Харин В.Путины авч байгаа хариу үйлдэл нь Хятадаас эдийн засгийн туслалцаа авахаар болж магадгүй болоод байна. Тэрбээр хамтрагч хөрш болох Хятадын Бээжинд суугаа Ли Жинпинтэй утсаар харилцсан байна. Энэ дуудлага Хятад ОXУ-ын хооронд хийгддэг тун ховор үзэгдэл юм. Ли Жинпин ОXУ-д тусалж Украинд болж байгаа төвөгтэй байдлыг энхийн замаар шийдвэрлэж дэлхийн энх тайвныг алдагдуулахгүй байгаасай хэмээн бодож буйгаа мэдэгдсэн байна. Ийнхүү Хятадтай хамтрах болсон нь ОXУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүйтэн дайндаа аль хэдийнээ бэлдээд эхэлчихсэн мэт харагдаж байгааг шинжээчид дүгнэсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ