Улсад нэг ч төгрөг тушаадаггүй ачилтын компаниуд бусдын өмчид эрээ цээргүй халдаж байна

Ачилтын компаниудын нууц ноён хэн бэ
Нийслэлийн замын ачааллыг бууруулж, нэгдүгээр эгнээг чөлөөлөх зорилгоор автомашиныг ачиж журамлах ажлыг эхлүүлээд байгаа.
Гэтэл сүүлийн үед машин ачигчид олон нийтийн дургүйцлийг хүргэх боллоо. Энэ ажлыг хувийн хэвшлийн зургаан компани гүйцэтгэж байгаа бөгөөд бусдын хувийн өмчид илт санаатайгаар халдах нь ихэссэн гэж иргэд үзэж байгаа юм.
Өдөр бүр олноор ачиж байгаа нэг автомашины нэг бүрийн торгуулийн мөнгө нь 75-80 мянган төгрөг. Гэтэл энэ мөнгийг чухам юунд зарцуулдаг, улсын төсөвт хэд нь ордог нь оньсого мэт байгаа юм.
Тэгвэл бидний машиныг зөвшөөрөлгүй ачиж явдаг ямар, ямар компани байгаа тухай сонирхож үзвэл “Хас транс” “Очух”, “BMML”, “Ачит сэлэнгэ”, “Авто гранд мастер” зэрэг компани гүйцэтгэдэг юм байна. Эдгээр компаниуд бүгд хувийн хэвшлийнх. Уг компаниуд хоногт 80 орчим, ачаалал ихтэй үед 100 гаруй машин ачдаг.
Ийн ачилт хийдэг компанийн ажилчидтай уулзахад “Нэгдүгээр эгнээг чөлөөтэй байлгахын тулд л ийм ажил хийж байгаа” гэж хэлж байсан. Харин иргэдийн уур цухлыг хүргээд байгаа, торгуулийн мөнгө хэнд, хаана очдог тухай мэдээлэл авах гэсэн боловч “Бид ажлаа хийж явна.
Битгий олон юм яриад бай” гэж илт дээрэнгүй харьцаж “Гранд марк-2” машиныг эзэнд нь мэдэгдэлгүйгээр ачаад явсан юм.
Уг нь Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгсэл зөөж, шилжүүлэх журам гэж байдаг юм байна. Эл журамд зааснаар удаан зогсохыг хориглосон газар, замын зорчих хэсэг дээр зогссон гэх мэт зөрчил гаргасан машиныг гэрээт компаниудын болон Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ачигчид ачиж журмын хашаанд хүргэх үүрэгтэй аж.
Ингэхдээ Замын цагдаагийн газрын Ерөнхий жижүүрийн удирдлаган дор явуулахыг журамласан байдаг юм байна. Үүнийг энгийнээр тайлбарлахад Ерөнхий жижүүр иргэн болон цагдаагийн алба хаагчаас тухайн зөрчилтэй машины талаарх мэдээллийг хүлээж аван тэмдэглэл хөтөлсний үндсэн дээр ачигч машин явуулах ёстой. Дээрх компанийн ачигчид иргэдийн машиныг ачихдаа урьдчилан мэдэгдэхгүй, утас руу нь залгахгүй шууд ачдаг. Үүнээс болж машиндаа сууж байсан бага насны хүүхэд ачигдаад явсан тохиолдол ч гарсан.
Тодруулбал Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ачилт хийж байсан “Очух” ХХК-ийн ажилчид унтаж байсан хоёр сартай хүүхдийг машинтай нь ачсан мөртлөө журамд заасны дагуу тухайн үед Замын цагдаагийн газарт ч мэдэгдэлгүй, тэмдэглэгээ ч хөтлөөгүй байсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ