Генерал цол горилогсод хоосон хоцров

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар цэргийн дээд генерал цол олгодог журамтай. Өнгөрсөн жил Монгол цэргийн өдрөөр ХХЕГ-ын дарга Ш.Лхачинжав, ЦЕГ-ын дарга Б.Билэгт нар бригадын генерал цол хүртэж, алтан мөрдэс зүүсэн билээ. Жил бүр энэ өдөр цэргийн дээд цол олгодог уламжлалтай ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөө жилийн энэ өдрөөр нэг ч хүнд генерал цол олгосонгүй. Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, АТГ-ын дарга Н.Ганболд, ХХЕГ-ын Ар тал, хангалт хариуцсан дэд дарга, хурандаа Ч.Сайнтөр, ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, хурандаа Г.Батхүрэл, Ерөнхий зориулалтын цэргийн командлалын штабын дарга, хурандаа Б.Амгаланбаатар, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Сүхбаатар гэсэн хүмүүсийн нэр генерал цолд тодорхойлогдон Ерөнхийлөгчийн тамгын газарт очсон гэнэ.

Цэргийн байгууллагад насаараа шахам ажилласан зарим хүний хувьд энэ цолыг хүртэх гэж нэлээд бэлтгэдэг, хичээдэг. Гэтэл энэ удаад цэргийн байгууллагад 1-2-хон жил ажилласан нэр бүхий хүмүүсийн тодорхойлолт очсон нь Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг бухимдуулсан гэх. Цэргийн анги салбараас эхлээд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ гээд цэргийн дээд байгууллагад насаараа ажилласан, генерал цолны месттэй алба хашиж байсан хүмүүс энэ цолыг авч чадалгүй гавьяаныхаа амралтад гарсан нь олон. Гэтэл цэрэгжсэн байгууллагад 1-2-хон жил ажиллаад цэргийн дээд цолны мөрдэс зүүхээр тодорхойлуулсан эрхмүүдийг Ерөнхийлөгч буцаав. Генералын месттэй ажилд очсон ч цэргийн хэргийн мэдлэг мөхөс хүмүүст дээд цол олгох нь ёс зүйд нийцэхгүй гэж олон хүн хэлэх юм билээ. Тиймдээ ч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд дээрх хүмүүсийн тодорхойлолтод гарын үсэг зураагүй бололтой.
1944 оноос хойш цэргийн дээд цол олгож эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 160 гаруй хүн алтан мөрдэс зүүсэн байдаг юм. Тэдний хэнийг нь ч цэргийн дээд цол олгох эрх бүхий албан тушаалтан буцааж байгаагүй. Учир нь салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн нэрийг өргөн барьдаг байсантай холбоотой гэх. Гэтэл өнөөдөр цэргийн эрдэмд суралцсан, эсэх нь тодорхойгүй, баруун, зүүнээ мэддэггүй шахам хүмүүсийн нэр Ерөнхийлөгчийн Тамгын газарт очсон нь энэ цолны нэр хүндийг унагах байсан гэдэгтэй олон хүн санал нийлэх биз.

Д.ДАЙЧИН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ