Хэтэрхий онцгой чинийхээ дэргэд байхад надад нарыг хөлдөөх зориг байна

Сайн байна уу? Энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе. Би өөрийгөө энэ хорвоогийн хамгийн азтай эмэгтэй гэж бодох болоод 2 жил болж байна. Богино хугацаа биш ч гэсэн энэ бодолдоо эргэлзсэн нэг хором ч надад байсангүй. хэдийгээр би яг энэ мөчид ажлаасаа гарах тушаалаа хүлээгээд сууж байгаа ч хэтэрхий сайхан хайртай, сайн ханьтай учирсан болохоор өчүүхэн саад бэрхшээлийг үл тоож, харц дээгүүр алхах хүчтэй байна. Хэтэрхий онцгойчинийхээ дэргэд байхад надад нарыг хөлдөөх зориг байна

Одоо би 23 настай, хайртай хүнтэйгээ сүй тавьсан, аз жаргалын цэцэг болсон бяцхан үртэй болохыг хүсэж байгаа, хүн харахад хөдөөний бор бүсгүй, харин түүнийхээ гүнж нь юм. Өөртөө итгэх итгэлийг ганцхан зүйл бий болгодог. Тэр бол хайр...

Амьдралаас хамгийн том зүйлийг ойлгосон...
Хүн гэдэг их шуналтай араатан шиг санагддаг. Хамгийн сэтгэл эмзэглэмээр нь шунал хүслийнхээ төлөө юу ч хийхээс буцдаггүй. миний бодоход энэ мэдрэмж эмэгтэй хүнд илүүтэй ажиглагдаад байх шиг...

Түүнийг харсан мөч, хоромд намайг үргэлж буцалгаж байдаг шунал хүсэл, хор шарын мэдрэмж юу ч үгүй замхран одсонд миний найзууд битгий хэл би ч өөрөө гайхдаг. Шунал хүслийн мэдрэмж (байртай бол гэрлэнэ, машинтай хүнтэй сууна) ганцхан зүйлээр хязгаарлагддаг... тэр бол бас л хайр...

Түүндээ дурласан анхны мэдрэмж шиг дэвэргэн сэтгэлээрээ зуун зуун хоногийг үдлээ. Харах харцанд минь, хүртэх гарт минь хөрсөн, хуучирсан зүйл нэг ч алга. Өмнө нь би зуур зуурдын хайртай учирч л явлаа. Тухайн үедээ хөөрхөн шархалж, шаналж л явлаа. Гэхдээ жинхэнэ хайр бол өөр...

Хэтэрхий эмзэгхэн нандин зүйл алган дээр минь буугаад ирсэн мэт, чангахан атгах гэхээр хайлчих гээд эсвэл хатгагдах гээд байх шиг, хүн бүрт үзүүлж гайхуулмаар, нэгэн бодлын бүхнээс далд нуучихмаар...

Бодит амьдралын тухай ярихад би хайртай хүнээсээ 1600 км-ийн алсад байна. Бас ч гэж яггүй хол зай шүү... Сэтгэл эмзэглэсэн үедээ аргадуулж чадахгүй, амжилт бүтээлээ яриад эрхлэж болохгүй хол зай.

1600 км бидний хувьд хардах, муудах, хатуу үгээр хэлэх шалтгаан нэг ч удаа болж байсангүй. Үнэндээ би бол өөртөө тохирсон хөөрхөн хартай бас ч гэж зантай бүсгүй... Гэхдээ хайрыгаа хардсан болоод хатуу үг хэлчихвэл гомдчих болов уу, гандчих болов уу гээд өөрөө урьтаад эмзэглэчихнээ би хэхэ.

Миний хайр ч бас надад яг адилхан магадгүй надаас ч илүү сэтгэлээр ханддаг болохоор би тун ч сэтгэл хангалуун байдаг юм. Шалгуур бүхний төлөө хичээх мэдрэмж, хардалт, хатуу занг ялдаг... тэр бол дахиад л хайр...

Бид ирээдүйгээ төсөөлдөг... Энэ их энгийн...

Хамтдаа байгаагаар, хөөрхөн хүүхдүүдтэйгээ хамтдаа байгаагаар ярилцдаг. Ингээд л болоо...
Хэтэрхий өчүүхэн байж мэдэх зүйлд сэтгэл ханадаг... Тэр дахиад л хайр...

Хайртай хүмүүс нэгнээсээ хол байх их хэцүү... маш их санадаг.
Заримдаа санахаараа нэгэндээ хайргүй хүмүүс ихдүүлж яривал нэгнийгээ үзэн ядаад, хамтдаа байхад яагаад би өдөр болгоныг хүлээлтээр үдэх ёстой гэж бухимдах нь надад бий. Энэ бүхэнд ганцхан зүйл намайг тайтгаруулдаг. Дуу хоолой...

Тэгсэн хэрнээ л гэв гэнэт уулзмаар санагддаг, уулзаад...
Уулзаад... уулзаад хамгийн урьтаад удаан гэгч нь хармаар санагддаг. Хацарт нь зөөлхөн хүрмээр, дахиад давраад зүрхийг нь сонсмоор бодогддог. Сэтгэл хангалуун мэдрэмж ганц зүйлээс бий болдог. Тэр бол нөгөө л хайр...

Харанхуй, бартаатай, тэгш дардан амьдралын аль ч замаар алхалж, хорвоог туулж, насыг элээж, зүсийг гундаасан надад огтхон ч сонин биш...
Хэн нэгний хувьд хэт энгийн, харин миний хувьд хэтэрхий онцгой чинийхээ дэргэд байхад надад “Нарыг хөлдөөх зориг, сарыг хулгайлах төлөвлөгөө” байна. Энэ бол чиний минь надад мэдрүүлсэн хайр.

Хайр гэдэг үгийг би өөрийн жижигхэн оюундаа тунгаан “философи” зохиосон. Жинхэнэ ХАЙР-ыг “ХАЙ_ЭР”. Хаанаас ч хамаагүй ХАЙ, энд тэндээс ЭР. Чи заавал аз жаргалыг мэдэрнэ. Хайрыг хайж буй, магадгүй над шиг андуурч эндүүрэн яваа бүх бүсгүйчүүддээ бусдад үл танигдах “Түүний гүнж”-ээс зориуллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ