Намбарын Энхбаярын тухай хэн юу хэлэв
Sonin.mn сайт "..."-ний тухай хэн юу хэлэв?" нэртэй булан нээгээд буй билээ.
Олны танил хүн, албан байгууллагуудын тухай мөн л олны танил хүмүүс хэрхэн дүгнэж байсан тухай түүвэрлэн хүргэх уг булангийн хоёр дахь онцлох сэдэв, хүнбол Монгол улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж :
Энхбаярыг таних бол амаргүй. Би л хувьдаа нөхрийг таних гэж таван жил зарцуулсан. Таниад түүнийг жигших болтлоо бас таван жилийг үзлээ. Эхлээд богд ч гэж бодогдох үе бий, буг ч гэж бодогдох үе бий. Хүний л алдаа, улс төрд байдаг л зүйл, арай ч үгүй байлгүй, одоо л ойлголоо, гай зовлон гэсээр яваад л таван жил болчихсон байдаг юм.
/2009 он/
Нийтлэлч Баабар:
Асуудал Энхбаяр гэдэг хувь хүндээ байгаа юм биш ээ. Урьд нь буруу юм хийсэн, алдаа гаргасан гэж хариу авах, шийтгэх тухай ч асуудал биш. Энэ хүн Монголын нийгмийг тогтолцооных нь хувьд хангалттай хороллоо. Дахиад цааш хорлох асар их ирээдүй байна.
/2009 он/
МҮАН-ын дарга М.Энхсайхан:
Н.Энхбаяр Ерөнхийлөгчтэй сонгуульд хамгийн их өрсөлдсөн нь магадгүй би байж мэднэ. Магадгүй миний сонгуулийн кампанийн үед Н.Энхбаяр Ерөнхийлөгчийг хамгийн муу муухайгаар дууддаг байсан байж мэднэ. Тэглээ гээд энэ хүн эргээд надад хар буруу санаагүй. Харин ч миний ярьдаг юмыг сонсдог, тэгвэл энийг ингэчихвэл яасан юм, тэгчихвэл ямар уу гэж тунгаан бодож боловсруулаад төрийн бодлогодоо тусгаж авч явдаг. Энэ байдлыг нь харж мэдэрсэн хүний хувьд хүн өөрөө өөрийгөө давах чадвартай байх нь аягүй чухал юм байна гэдгийг би ойлгосон. Н.Энхбаяр бол өөрөө өөрийгөө давж чаддаг хүн.
/2009 он/
Хамаг Монголын хөдөлмөрийн намын дарга С.Молор-Эрдэнэ:
Н.Энхбаяр мэдлэг боловсролын түвшин доогуур хүн байна лээ. Яах вэ англиар жаахан ярьдаг гэсэн. Түүнд ганц докторын диплом ч байхгүй. Түүний сурсан мэргэжил нь мэдлэгийн салбар биш. Аль дээр үед ОХУ-д Утга зохиолын дээд сургуульдүүргэсэн гэдэг...
Н.Энхбаяр мэдлэгтэй хүний үгийг сонсдоггүй.Өөрийгөө дэлхийн бүх зүйлийг мэддэг гэсэн биеэ тоосон зантай.
/2011 он/
БНН-ын дарга Б.Жаргалсайхан:
Сая гурав, дөрвөн жил Н.Энхбаяр л болохгүй байна, Н.Энхбаяр л болохгүй байна гээд нухаад л...
Тэгээд нөгөөдөх нь байгаад л байх юм.
Юу ч болоогүй юм шиг хараад л...
Тэвчээртэй ч юм, нөгөөх нь.
Н.Энхбаярын хувьд бол маш хүнд үед улс орныг удирдаж байсан.
Тэрийг бол би мэднэ.
Улсын төсөв дөнгөж 400, 500 сая ам.долларын хэмжээнд л байлаа шд.
Энэ хүнд үеэс эхлээд Н.Энхбаяр удирдаж, энэ улс орныг зүгтэй, чигтэй болгосон аавын хүү гэж боддог.
/ 2011 он
МАН-ын ЕНБ дарга асан У.Хүрэлсүх:
Н.Энхбаяр нөхрийн амьдралын философи гэж юу байдгийг би хэлье. Энэ хүн бусдыг хооронд нь зөрчилдүүлж тэр зөрчил, тэр хэрүүл дундаас үсэрч байгаа очоор нь хооллож амьдардаг хүн. Нямдоржийг Шаравдоржтой, Шаравдоржийг Пүрэвдоржтой, Энхболдыг Элбэгдоржтой, Хүрэлсүхийг Барсболдтой хооронд нь зөрчилдүүлж яс хаяж түүнээсээ хоол олж идэж явдаг. Тэдний хоорондын энэ их зөрчилдөөн түүнд хүчин чадал бяр тэнхээ нь болдог. Ийм байж бурхан буг ярих дуртай.
/ 2007 он/
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл:
Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албан тушаалыг завсаргүй хашиж байгаад сонгуульд Ц.Элбэгдоржид Н.Энхбаяр ялагдсан. Түүний дараачаас байдал бишдэж эхэлсэн. Энэ хүн ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгийг улс төрийнх нь туршлагаас би мэдэх юм. Эрх мэдлээ алдахгүйн тулд ямар ч үнээр хамаагүй увайгүй тэмцэл өрнүүлнэ гэдгийг нь гадарлаж байв. Монголын улс төрд хамгийн ёс зүйгүй тоглолт хийдэг хүн шүү дээ.
/2011 он/
Төрийн соёрхолт ,соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Д.Төрбат:
Намбарын Энхбаяр Монгол төрийн том зүтгэлтний хувьд ард түмэн мартахын аргагүй гавьяа байгуулсан хүн. Наад захын жишээ гэхэд их өрийг тэглэж тэр шинэ жилээр бид яаж баярлаж байснаа санах хэрэгтэй. Тэгхэд баярын нулимс унаган тэвэрч үнсэж байсан хүн нь өнөөдөр хазайсан дээр нь түлхэж халтирсан дээр нь нударч байгаа харагдах юм. Ахиад хэлхэд өнөөдөрийн төрийн тэргүүн нь ч, тэрбумтан нь ч тэр хүний санаачилж тууз хайчилж эхлүүлсэн “Мянганы зам”-аар жирийлгэж явна. Мөн Энхбаяр даргын нүүрээр олж ирсэн “Мянганы сорилтын сан”-гаас олгож буй хөрөнгийн буянаар босож буй барилга байгууламж ажил үйлсийн гол баатар болж тууз хайчилж явна. Мөн Монгол хүн бүрийн үр хүүхэд энэ хүний санаачилж ажил хэрэг болгосон “Үдийн цай” хөтөлбөрөөс хүртэж явна.
/2012 он/
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж :
ЭнхбаярыгНҮБ-ын орон тооны бус нарийн бичгийн даргаар томилуулах тохироог манай нөхдүүд хийчихээд өөрт нь хэлсэн чинь “холдуулах гэлээ” гэж жигтэйхэн загнасан гэнэ лээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд айлчлахдаа Энхбаярын “шилтгээн”-д зочилсон зураг сонинд гарсан байх аа. Энхбаяр ерөнхийлөгчөөс буусныхаа дараа эр хүн шиг байсан бол, монгол төрийн тэргүүн явсан хүн шиг байсан бол ийм юм болохгүй шүү дээ.
/2011 он/
Судлаач Д.Ганхуяг :
Энхбаярын хийсэн мянганы зам, их өрийг дарсан, бүсчилсэн хөгжил, төрийн удирдлага, санхүүжилтийн зарчим, газар хувьчилсан, лицензийн болон баялгийн наймаа, мянганы хөгжлийн цогц бодлого, төр болон намын системд тогтоосон удирдлагын болон ажлын арга барил, хэм хэмжээ зэрэг БҮХ АЖИЛ манай нийгмийн хөгжилд стратегийн ихээхэн хөнөөлтэй, алсын хор уршигтай. Үүнийг би нотлоогүй, өнөөгийн практик, шинжлэх ухаан нотолж байгаа. Монголын атаат дайсан байсан ч манай улсыг ингэж углуурга заадсаар нь хорлож чадахгүй.
/2013 он/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ