Нөхөр бид хоёрын байр солигдчихсон

Сайн байна уу, Би танай захидлын булангаас өөрийн амьдралд хэрэгтэй олон асуудлыг олж уншдаг. Гэхдээ минийх шиг тохиолдол байхгүй байсан болохоор би өөрийнхөө асуудлаар захидал бичихээр шийдлээ.

Бид суугаад 7 жил болж байна. Нөхөр маань тогтсон цалинтай ажилтай, харин би хувийн байгууллагад ажиллаж байгаад мэргэжлийнхээ дагуу одоо хувиараа бизнес эрхэлдэг.

Би харсан хүн бүр атаархмаар тийм л халамжтай ханьтай. Нөхөр маань ажлаа тараад ирэхэд хоол цайгаа хийгээд хүлээж байна. Амралтын өдрүүдэд надад туслаж, үгүйдээ л гэхэд хамт байх гэж байнга хичээнэ. Ажилдаа яардаг шигээ, тараад гэр рүүгээ байнга яарна. Гэрийн хоол хүнс, ахуйн хэрэглээний хэрэгтэй бүхнийг цуглуулчихна. Хүүгээ хүртэл надаас сайн асардаг. Цаг зав л гарах юм бол гэртээ хүүхдээ харна. Найз нөхөдтэйгээ уулзах үе байдаг ч олонхид нь татгалзаад хүрээд ирнэ. Гадуур дотуур амьтан хүнтэй нийлж алга болоод байдаггүй. Ажилдаа ч дуртай, маш сайн. Хамт олон, найз нөхөддөө нэр хүндтэй. Миний аав ээж ч хүргэндээ учиргүй сайн байдаг. Учир нь нөхөр маань тэр 2-ыг маань ч анхаарахаа мартдаггүй. Харин хадам ээж маань хүүг нь байнга зардаг гэж надад дурамжхан хандана. Энэ бүх утгаараа өдөр тутмын амьдралд надад санаа зовох, ядарч туйлдах асуудал огтоосоо ч байдаггүй. Харин ч хүмүүс намайг даварчихсан эхнэр гэж анзаарахаар.

Тэгэхээр энэ бүгдийг нөхөр маань хийчихдэг юм бол би юу хийдэг вэ гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Би эсрэгээрээ гэр бүлийнхээ эр хүн нь болчихсон байх юм. Би хоол хийхийн оронд санхүүгийн асуудал шийдэх, гэр бүлдээ анхаарал халамж тавихын оронд энэ гэрийг цааш нь авч явах хэрэгтэй бүхнийг олж шийдэх үүрэгтэй. Анх тусдаа гарах үед орон сууцны зээл авахаас л энэ бүхэн эхэлсэн. Айлын эр хүний хийдэг ажил гээд нөхрөө хөдөлгөх гээд чадаагүй юм. Тухайн үед л би буруу юм хийж дээ гэж одоо болтол харамсах юм. Орон сууцны зээл авах боломжтой болчихоод байхад нөхөр маань удаа дараа хойшлуулж, төвөгшөөсөөр байгаад сүүлдээ муудалцахдаа тулахад, хоёулаа амарханаар нь хашаа байшин авчихъя гэж хэлсэн юм. Ингээд хөдөлж өгөхгүй болохоор нь өөрөө бүгдийг нь хөөцөлдөж орон сууцанд орж байсан юм.

Үүнээс хойш бид хоёрын байр солигдчихсон. Би нөхөр шиг, нөхөр маань эхнэр хүн шиг л байх болсон. Гэр бүлд маань тохиолдсон гэнэтийн асуудал, урт хугацааны төлөвлөгөө, чухал шийдвэрүүд, түүний дагуу хэрэгжүүлэх томоохон арга хэмжээг бүгдийг нь би төлөвлөж, зохицуулдаг. Нөхрөө эр хүн шиг байлгах гэж их оролдсон. Удаа дараа ярилцаж үзлээ, тайлбарлаж өглөө, гадуур дотуур ажил төрөл даалгаж, амьтан хүнтэй ч уулзуулж үзсэн. Өөрчлөлт гараагүй. Нэг удаа удаан хугацаагаар орхиж үзсэн. Гэтэл гэрээ сайхан цэвэрлэчихээд л ажилдаа яваад бусад үед нь архи уугаад л байж байсан. Тэр хугацаанд зээлээ төлөөгүйн улмаас би өөрөө банкинд найдваргүй зээлдэгч л болж үлдсэн. Гэртээ хүүхэд гаргаад сууж үзсэн боловч уг хугацаанд манайх гэдэг айл өрөнд баригдаж дуусаад, аргаа бараад дахиад л би эр хүний ажилдаа орсон доо. Ийм асуудлыг миний үүрэг л гэж боддог юм шиг байгаа юм. Энэ талаар ярилцахаар учир зүггүй хэрүүл болгоод дээрх халамжит нөхрийнхөө дүрээр миний амыг таглаад дуусгачихна. Энэ бүхэнд би өөрөө маш их бухимдаж, нөхрөө харж, ятгаж , ойлгуулах гэж бөөн асуудал болж байхаар өөрөө хийчихсэн нь надад 100 хувь амар хялбар байдаг болсон. Ингэж өөрөө хийж явсаар хувийн бизнес эрхлэж, гадуур дотуур байнга л ажилтай явсаар гэртээ бор хоногтоо орно, заримдаа ажлын шаардлагаар ууж идэх асуудал ч гарна. Ингээд л ихэнх гэр бүлийн эрчүүд шиг амьдралаар амьдарч байна. Харин нөхөр маань ажлаа тараад гэртээ хоолоо хийгээд хүүтэйгээ намайг хүлээж байдаг.

За яахав болно биз гээд бодоод яваад байтал үгүй юм байна. Энэ бүхний үр дүнд нөхөр маань хөгжихгүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй, юмны наана цааныг ойлгохгүй, тооцоогүй, залхуу болж байна. Харин би байнгын гадагшаа харилцаатай, олон хүнтэй уулзаж, янз бүрийн ажил хийсээр яваад бид хоёрын хооронд асар их ялгаа гарчихсан байна. Заримдаа чадвартай эрчүүдтэй уулзахаар нөхрөө тэдэн шиг байгаасай ч гэж битүүхэн хүсэх юм. Анх бид 2 ийм асуудлаас болж муудалцахад би хичээж байгаа, би ингэнэ гэж бодож байгаа гээд ярилцдаг байсан. Харин одоо би чадахгүй, би ингээд байж байхад чамд хэцүү бол тэр мундаг хүнтэйгээ суу гэх боллоо. Ийм амьдралаар амьдарсан олон гэр бүлийн жишээг би харсан. Тэдний ихэнх нь эхнэр нь амьдралаа нуруун дээрээ үүрч, эр нөхөр нь архичин болж, салж сарниад төгсдөг. Намайг ийм л төгсгөл угтах мэт санагдаад,э энэ бүхнийг одооноос засаж залруулмаар байдаг гэтэл хэрхэх ухаанаа олохгүй юм. Надад зөвлөөч. Би одоо яах вэ ?

Дээрх захидлын эзэнд болон түүнтэй ижил асуудалтай тулгарсан уншигчдад гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбаатар ийн зөвлөлөө.

Хүний амьдрал өөрийнх нь бодол санаагаар удирдагдаж байдаг. Яагаад ч бүтэхгүй гэж бодсон зүйлээ хийх тохиолдолд бодол санаа нь тухайн ажил үйлсийн бүтэж болох байсан бүхнийг үгүйсгэдэг байна. Тиймээс ч Монголчууд бидний өвөг дээдэс болохгүй, бүтэхгүй, байхгүй, хүрэхгүй гэдэг үгэнд дургүй байжээ. Хүний бодол санаа гээч амьдралынх нь хамгийн том хүчин зүйл байдаг. Та захианыхаа эхэнд эр нөхрөө халамжтай, сайн хань гэдэг ойлголтыг бүх хүнд өгсөн хирнээ эр хүн шиг байсангүй гэдэг тайлбар нь таны үзэл бодол 2 салаа болохын эхлэлтэйг харуулж байна. Бодол санаагаараа байгаа амьдралаа нураасан олон тохиолдол жишээ амьдралд байдаг. Хэн ч бусдын бодол санааг мэдэхгүй байж өөрийнхөөрөө тухайн хүнийг үнэлэх нь энэхүү зөрчлийн эх үүсвэр болж байдаг. Миний нөхөр архичин болох нь, би өрх толгойлсон ядарсан эмэгтэй болох нь гэдэг бодол санаа таныг удирдаад байна. Одоо байгаа амьдралынхаа үнэ цэнийг мэдэрч амьдарч чадах нь ирээдүйн хар барааныг бодохоос илүү сайн талтай юм. Таны захиаг уншсан олон эмэгтэй үүнийг амьдралын бэрхшээл биш гэж хэлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн нөхөртөө байх ёстой хэм хэмжээг нь дахин дахин хэлэх нь та 2-ын харилцааг бас нэг холтгох хүчин зүйл болж байна. Насанд хүрсэн эр хүний үзэл бодолд хүчээр нөлөөлнө гэдэг хүнд ойлголт юм. Юуг бүтээнэ түүгээрээ амьдардаг гэдэг амьдралын алтан сургаалийг мөрдөх хэрэгтэй. Та ирээдүйн сайн сайхныхаа төлөө хуримтлалыг бий болгох хэрэгтэй. Мөн одоо байгаа амьдралынхаа сайхан бүхнийг улам нэмэхийг хүсэж сайн сайхан бүхний төлөө зүтгээрэй. Хариу нэхсэн харилцаа удаан үргэлжилдэггүй. Хэнч маргаашийг харж чаддаггүй. Өнөөдөр манай Төв-д ирж буй үйлчлүүлэгчдийн олонх хувь нь эхнэр эсвэл нөхөр маань ийм ийм асуудалтай, сул талуудтай байгаа нь надад их хэцүү байна гэдэг Гэхдээ тэд анх гэр бүл болохдоо л тэр асуудалтай нь хамт бие биенээ хайрлаж байсан байдаг. Тэгхээр нийт хосууд маань өөрийн ханиасаа 100% байдлыг хүсдэг нь энэхүү асуудалд хургэдэг байна. Жишээлбэл: таны нөхөр хэзээ ч таны хуссэн тэр 100%-ийг өгч чадахгуй харин 80%-ийг л өгөх боломжтой. Харин энэ үед та хайртдаа байхгуй байгаа тэр 20%-д нь анхаарал хандуулах юм бол та тэр 20%-ийг гаднаас хайж эхэлдэг. Гэхдээ бүхэл бүтэн 80%-иа алдаж байгаагаа хүмүүс мэддэггуй. Тиймээс би таныг нөхөртөө байгаа 80% хувьд нь буюу сайн, сайшаалтай талуудад анхаарал хандуулахыг зөвлөе. Харин нөхөрөө удирдагч байлгахыг хүсвэл үргэлж түүний хамгийн сүүлд сайн хийсэн бүхнийг нь магтан сайшааж, урамшуулж байгаарай. Энэ бол шалгарсан хамгийн сайн арга юм шүү. Талархал бидэнд байгаа зүйлсийг харуулдаг бол гомдол бидэнд байхгүй зүйлсийг харуулдаг гэдгийг санаж нөхрөө дутагдалтай нь хамтад хайрлаарай.

Та 80%-тайгаа хамт байхыг хүсэж байна уу? эсвэл 20%-тай байхыг хүсэж байна уу?

Г.Наранбаатар /Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор/
“Сэтгэлийн өнгө” Гэр бүл, сэтгэл судлалын төв
Цаг авах утас: 99885300
www.facebook.com/setgeliinungu1
www.twitter.com/NaranbaatarDr

СЭТГЭГДЭЛ БИЧИХ