Сүүлийн 3 найз залуу маань гурвуулаа гэр бүлтэй байж таарсан
Сайн байна уу?Би танай сайтаар зочлох их дуртай. Би өнөөдөр 26 настай. Солонгост сургууль төгссөн. Одоо хуулиар сурдаг. Бас хажуугаар нь юм хийх гээд зүтгэж л байна.Миний чин хүсэл бол бие даасан хүчтэй эмэгтэй болж бас олон хүмүүст туслах, мөн мэдээж сайхан гэр бүлтэй бол ээж аавыгаа баярлуулах.
Гэвч яг одоогийн байдлаар надад маш хэцүү байна. Маш ихээр ганцаардаж байна. Миний эргэн тойрон дахь олон жил найзалж нөхөрлөж, итгэж найдаж хайрлаж, байгаагаа зориулж байсан найзууд маань гэнэт надаас уравсан. Далдуур худлаа цуурхал тарааж, муулж. Үнэхээр аймар. Бас эр хүнийг хайрлая, итгэе гэхээр миний сонгож найздасан эрчүүд дандаа л гэр бүлтэй хүмүүс байж таарах юм. Сүүлийн 3 найз залуу маань гурвуулаа тийм байж таарсан. Уг нь бол гурвуулаа их ухаантай, бие даасан, намайг хайрладаг, хүндэлдэг, царайлаг. Гэвч гэр бүлтэй хүнийг гэр бүлээс нь салгаж би яах билээ дээ. Ингээд л өөрөө хайртай тэр хүн надаас салахгүй гэсэн ч би өөрийгөө гаргуунд нь гаргаж хэцүү ч салсан. Би ч бас бусдын адил сайхан гэр бүлтэй болж эцэг эх, эмээ өвөөтэйгөө танилцуулж үр хүүхэд гаргамаар байна. Гэтэл яагаад надтай ийм хүмүүс учраад байна вэ?
Зарим хүмүүс цуутай хүүхэн хуримгүй гэгчээр чам шиг царайлаг сайхан бие хаатай хүүхэнтэй бол эрчүүд амьдрахаасаа илүү нэг унтаад үзчих юмсан гэж л бодох байх даа гэж ярих юм. Сайнтай нь сууж сайхантай нь явалдана гэж яг л тийм зүйл чамд тохиолдоод байна гэх юм. Монглолд ирсэн сүүлийн 2 жилд баяраар ганцаараа байсаар залхаж байна. Нөгөө найз залуу гэсэн юм нь болохоор баяраар гэр бүлтэйгээ байхаар явчихна. Ингээд би энэ бүгдийг ойлгож эвлэрч амьдрах ёстой байх. Үгүй ээ би чадахгүй. Ийм амьдрал надад тохирохгүй, тийм үү? Би юугаар дутсан гэж хүний нууц амраг болж айж ичиж ганцаардаж амьдрах ёстой гэж. Дээрээс нь найз охидууд гэж аймар. Цаг хугацаа бүхнийг харуулна гэдэг шиг найз нөхөд цаг хугацаагаар шигшигдэж үлдэнэ гэж үнэн бололтой. Үнэхээр тар нь танигдацгааж байна. Надад атаархаж байгаа нь илт болж чи ч баян залуугийн нууц амраг болоод сайхан байна уу гэх жишээний. Бид хоёрын хооронд элдэв цуу ярьж салгах, далдуур хий цуурхал тарааж явах. Би үнэхээр энэ хүмүүст маш ихээр гомдож байгаа. Гэвч муу санаагүй. Уг нь би цагтаа чадахаараа тусалж итгэж хайрлаж явсан миний найзууд шүү дээ. Эцэст нь миний талд зогсож надтай хамт байна гэж бодож байтал бүх зүйл эсэргээрээ эргэж бүгд надаас урвасан.
Би бүх зүйлийг шинээр эхлэхийг хичээж байгаа ч одоогоор үнэхээр ганцаардаж байна. Бас хийх гэсэн зүйлүүд маань гацаж намайг үнэхээр бухимдуулж байна. Гэр бүлийнхэнтэйгээ хүртэл маргалдах нь их боллоо. Ээж маань хүртэл өдийг хүртэл сурахаас өөр юу хийж чадаж байгаа юм бэ?, нөхөр хүүхэд ч үгүй, нэг л их зан гэж загнана. Энэ бүгд би өөрийнхөө арчаагүйгээс болж байна даа гэж өөртөө гомдож сууна. Мэдээж бусад хүнд зовлонтой хүмүүсийн хажууд энэ юу ч биш гэдгийг ойлгож байгаа ч одоогоор би стрэсснээс болж галзуурах шахам л байна. Надад энэ стрэссээс энэ бүх зүйлийг ардаа орхиж бүхнийг эхнээс нь эхлэхэд минь туслах хэн нэгэн хэрэгтэй байна. Тэгээд л би танайд хандаж мэйл бичиж сууна. Хамаагүй зүйл ярьж болохгүй, итгээд яриад суух найз нөхөдгүй ганцаардаж суугаа болохоор сэтгэлээ уудалж танайх руу мэйл бичижсууна даа. Өнөө цагт хүнд итгэх хэцүү болсон гэж хөгшдийн ярьдаг үнэн бололтой. Надад зөвлөгөө өгөөрэй, Гоолингоо. Баярлалаа.
Дээрх захидлын эзэнд болон үүнтэй ижил асуудалтай тулгарсан бүсгүйчүүдэд гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор, “Сэтгэлийн өнгө” төвийн сэтгэл судлаач Г.Наранбаатар ийн зөвлөлөө.
Өдөр бүр сэрэхдээ энэ өдөр дахин давтагдахгүй гэдэг бодолтойгоор сэрж амьдралын сайхан бүхнийг харж сурах нь хүн амьдралдаа сэтгэл хангалуун байхын үндэс нь болдог. Удахгүй уншигч та бүхнийхээ гар дээр очих өөрийн сэтгэлзүйн номондоо энэ талаар илүү дэлгэрэнгүй дурьдах болно.
Хүний хэлсэн үг болгоны хойноос хөөцөлдөөд явбал та өөрийнхөө төлөө зарцуулах байсан үнэт цагаа дэмий алдаж байгаатай нэгэн адил юм. Тархиныхаа хэмжээгээр ярьдаг хүмүүсийн үгээр амьдраад байх юм бол та хэзээ ч өөртөө сэтгэл хангалуун байж чадахгүй. Мөн сэтгэлзүйн зөвлөгөө хүссэн хүн бүрт нэг л бэрхшээл тулгардаг. Тэр нь өөрийн оюун бодол санаагаа удирдах. Хүний амьдралыг өөрийнх нь бодол санаа удирддаг. Стресс нь өөрөө үүний тод илрэл юм. Гэрээ цэвэрлэхгүй хог новш хөглөрөөд байхад хүн тухгүй байдагтай нэгэн адил. Та өөрийн бодол санаагаа цэвэрлэ. Энэ их амархан. Бүх зүйлийг сайн, сайхан талаас нь харж сур. Хүний өөрийнх нь ийм хандлага бусдаас ижил хандлага хүлээн авдаг байна. Хэрэггүй зүйлсийг хаяж, хэрэгтэй зүйлийг хадгалж сур. 3 ч байна уу, 30 ч байна уу набор шиг нөхдүүдээс хол амьдар. Тухайн үедээ л амт нь мэдрэгдэхээс хожим хойно шүд л өвдөхийн нэмэр. Таны тухай сайн муу хамаагүй ярьж байнаа гэдэг та бусдын анхаарал дунд идэвхитэй амьдарч байгаан байна гэдэг утгаар нь хүлээж авч сураарай. Энэ нь эерэг байхын утга учир юм. Тиймээс худлын араас үнэнийг хөөцөлдөх биш, худлыг тэр чигт нь үлдэн хөөх хэрэгтэй. Араас нь хөөцөлдвөл хар хороор амьдрагсдын үйлдлийг утга учиртай болгоод байх боловуу.
Та өөртөө сэтгэл хангалуун байдаг тань захианаас тань ил байна. Хүн бүр ийм сэтгэлтэй байх хэрэгтэй. Амьдрал нухчин дарсан ч бай, дараагүй ч бай хүн өөртөө итгэлтэй байх нь аливаа зүйлд хандах хандлагыг нь амжилттай дуусгахын эх үндэс болдог байна. Танд маш сайхан ирээдүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Залуу хүмүүсийн хувьд завтай байгаагийн нэг хэлбэр нь стресс байдаг. Та өөрийгөө завгүй байлгаарай. Бусдын сайн сайхны төлөө таны хийж чадах зүйл та өөрөө завгүй байх юм. Хань ижил болон гэр бүлийн төлөө санаа зовниж буйг тань ойлгож байна. Гэхдээ өөрөөсөө 100 хувь хамааралгүй бол ганцаар битгий зүтгээрэй. Хамтдаа зүтгэж чадах тэр л ханиа олоорой. Өөр хүнтэй амьдрал зохиосон хирнээ нэмж шунадаг тийм хүмүүсээс хамтдаа зүтгэх зүтгэл хүсээд нэмэргүй. Эцэст нь зөвлөхөд та ойрын 3 сарын хугацаанд өөртөө хань хайх, ганцаардалаас гарах гэж байна гэж би зүтгээрэй. Тэр ганцаардаад байгаа цаг хугацаандаа фитнесээр хичээллэх, нарийн мэргэжлийн сургалтуудад суух гэх мэтээр арай өөрөөр өнгөрүүлээд үзээрэй. Заяаны хань зам дээр гэдэг шиг та амьдралаас өөрт тань өөрийг тань илүү дутуу болзолгүйгээр хайрлаж чадах ариун нандин хайр хүлээгээд байж байгаа гэдэгт итгэлтэй байгаарай. Танд амжилт хүсье.
Г.Наранбаатар /Гэрбүл, сэтгэлсудлалынухааны доктор/
“Сэтгэлийнөнгө” Гэрбүл, сэтгэлсудлалынтөв
Цагавахутас: 99885300
www.facebook.com/setgeliinungu1
www.twitter.com/NaranbaatarDr
СЭТГЭГДЭЛ БИЧИХ