Агаарын цэргийн хөрөнгөлөг хурандаа нар

Монгол Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн (АДХЦ) удирдлагууд байлдааны онгоцны шатахууныг саалийн үнээ шигээ сааж, мөнгийг нь хувьдаа завшиж байна. Дуунаас хурдан онгоцны ганцхан тн шатахууны үнэ гурван сая төгрөг, нэг нислэг үйлдэхэд нэлээд тн-ыг зарцуулдаг. Тэгвэл тэд сургуулилтын нислэг үйлдсэн хэмээн олон удаагийн хуурамч баримт бүрдүүлж, өргөсөн тангаргаа улан дороо гишгэн офицер хүний нэр төрийг гутаах нь аль хэдийнэ юу ч биш болжээ. Авч идэж, ашиглаж завшихын дон туссан хурандаагийн мөрдөстнүүдийг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Улсын нисэхийн хэлтсийн дарга Б.Дашаахүү толгойлдог байна. Түүний командаар Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Очирбат, тус ангийн орлогч, дэд хурандаа Н.Баясгалан, ар талын албаны даргаар ажиллаж байсан хурандаа н.Мөнхбат нар далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч явдаг ажээ. Энэ бохир ажиллагаанд АДХЦ-ийн командлагч, хурандаа Х.Батхүрэл гар дүрсэн нь ч бий бололтой.
Юуны өмнө зах зухаас нь баримт дурдъя. 2013 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт байлдааны дуунаас хурдан онгоцны 337 дугаар ангийн төв хаалгаар 7086 НАА дугаартай “Портер” машинаар 1200 литр, зургаан торх ТС-1 шатахуун авч гарсан бөгөөд түүний цаана хурандаа Б.Дашаахүү нууц ноёнтноор үлдэж, дэд хурандаа Н.Баясгалан гардан гүйцэтгэжээ. Тэд олон удаагийн ийм үйлдэлдээ самуурч, он, сар, өдрөө санахгүй байж болохоос бус бултах аргагүй гэнэ. Мөн тав хоногийн дараа Н.Баясгалан Налайхын Цагдаагийн хэлтсийн гурав дөрвөн нөхрийгбайлдааны онгоцоор авч нисгэн дуунаас хурдан онгоцны ид шидээр дуугүй болгож байсан удаатай. Ялангуяа цагдаагийн формтой хүүхнүүд нисэх бүр ч дуртай аж. 337 дугаар ангийн дарга нарын шатахууны бүх булхай луйврыг Шатахууны албаны дарга, ахмад бүсгүй бүр ч сайн мэдэх учиртай, эдгээрийг гэрчлэх албан хаагчид ч захаас аван байна. Илчлэхээр эхнээсээ ам ангайж эхэлсний нэгэн жишээ энэ буюу.
Дараа нь тавдугаар сарын 10-ны өдөр 337 дугаар ангийн хашаанд хурандаа Б.Дашаахүү гурван жийп машин хөлөглөсөн хүмүүстэй ирж, дөрвөн цагийн нислэг хийхдээ Хэнтий нуруунд баавгай агнаж, хурандаа Н.Очирбатын хамт онгоцны талбай дээгүүр цусыг нь гоожуулан чирч, машинд ачиж байсныг мэдэх хүн цөөнгүй. Тэдний дунд армийн хурандаагаас гадна ОБЕГ-ын комиссар ч малгайныхаа үсийг сэргээж, ангийн хишиг хүртжээ. 16-ны өдөр зугаалга үргэлжилж, Хилийн цэргийн нислэгээр Минж явах нэрээр мөнөөх Б.Дашаахүү хурандаа хоёр жийп, нэг суудлын жижиг тэрэгтэй дотоод, гадаадын хүмүүсийг Хэнтийн ууланд салхилуулжээ. Наймдугаар сарын 27-нд чМинж явсан баримт байна. Ер нь Б.Дашаахүү нарын хувьд дуунаас хурдан онгоцоор бусдыг зугаалуулах нь мань мэтийн хүмүүс Долоон буудал орохоос хамаагүй амархан. Б.Дашаахүү саяхан зарим хүний хамт байлдааны онгоцонд 1000 цагийн засвар хийлгэнэ гэж авсан их хэмжээний мөнгө хаашаа шингэсэн нь нэн бүрхэг. Бас болоогүй өмнөх төгсөгчдөө шингээж чадаагүй байж, нисгэгч бэлтгэх курс нээн ажиллуулахаар хөөцөлдсөөр.
Мөнгө бол тэдний хувьд чихрийн цаас болж, одоо Монгол Улсын гавъяат нисэгч болохын тулд сэрүүн зүүдэлж явна. Н.Очирбат, Н.Баясгалан нарын хурандаа АДХЦ-ийн техникийн үзлэгээр нисэхийг хориглосон онгоцоорагаарт хөөрч, ид хаваа үзүүлсэн зэргээс харахад АДХЦ-ийн командлагчийн зөвшөөрлөөр нисч буй нисэх биет сөнөж, хүн үрэгдэх нь огтхон ч хамаагүй бололтой. Онгоцоор ээжийгээ төрсөн газар нь хүртэл буулгаж явлаа хэмээн хэвлэлийнхэнд сайрхсан удаатай. Энэ бүгд ЗХЖШ-ын даргын чихэнд хүрсээр буй ч таг чиг суусаар байгаа нь бүр ч хачирхалтай. Хурандаа Н.Очирбат өмнө нь МиГ-21 онгоцыг өөрийн чадамжгүйн улмаас болж юу ч үгүй будаа болгосон гашуун түүх, түүний балгаар гэмтсэн нисгэгч одоо хүртэл амьд сэрүүн байж л байна. Харамсалтай нь хашралгүй Ми-8-аар үнэг хөөж, хамраар нь газар шаалгасныг монголчууд андахгүй. Бас 303 дугаар ангид байхдаа хоёр ч онгоцны урд дугуйг хугалж, багш нисгэгчээсээ хатуухан жавтий хүртэж байснаа одоо сорвигүй мартжээ. Харин тэдгээр гэмтлийг халуунд халж, хүйтэнд хөрч засдаг техникч нар л сэтгэл шимшрэн тээж явна.
Урин дулааны цаг ирэхээр төрийн өндөр албан тушаалтан болон мөнгөтэй хүмүүст байлдааны онгоцыг баруун солгойгүй унуулж “тусгай үүрэг” нэрийн дор дундаас нь ихээхэн ашиг олж, дээр нь шатахууны мөнгө завшдаг Б.Дашаахүү, Н.Очирбат, түүний орлогч Н.Баясгалан нар улсын асар их хөрөнгө мөнгөөр туйлсаар байгаа авч гавъяат цолонд хүртэл 40 саяын ханш тогтоосон гэнээ. АДХЦ-ийн командлагч, хурандаа Х.Батхүрэл энэ мэт доод тушаалын офицерууддаа цаламдуулсан адил цаг нөхцөөж суугаа нь ч Монгол Улсын тэнгэр айх аюулгүй амар тайван хэмээн итгэхэд нэн бэрх. Цэргийн академид явсан хүмүүс ч цэрэг ёсоор элссэн нь сүүлийн үед ховордсон гэх. Хурандаа Б.Дашаахүүгийн танил тал, дэд хурандаа Н.Баясгалангийн ална тална гэх авираас ангийнхан нь залхаж гүйцжээ. Тэд тэснэ тэснэ гэхэд ч одоо тэсэхгүй ээ гэцгээж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлснээр хөрөнгөлөг хурандаа нар Агаарын довтолгооноос хамгаалах цэргийнхний дотор ар араасаа амархан төрж байгаа нь нэгэнт нууц биш болов, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч аа.
Тэд цэргийн нисэхийн залуу үеийнхний зүрх сэтгэлийг зоосны нүхээр яргалж, тэгсэн мөртлөө 303 дугаар ангийн цахилгааны техникч, хошууч С.Энхтайван нарын зарим нь хүргэн ах Б.Дашаахүүгийнхээ буянаар мэргэжлээ гэнэт солин борттехникч болж, хажуунаас нь салахгүй болсныг садангийн хэлхээ юм уу, дарга цэргийн холбоо юм уу гэдгийг ялгаж салгах хүн одоохондоо алга. Харин зах зухаасаа түрийвч нэгтэй болж дээ гэх онош л тавих болж.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ