Шүүгчийн сонгон шалгаруулалтад ТЕГ-аас шалгалт явуулжээ

Шүүх байгуулах тухай хуулиар Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээс бусад шүүхийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон. Улсын хэмжээнд 78 шүүх шинээр байгуулагдсан тул 78 шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлажээ. Шүүхийн Ерөнхий шүүгч нь хуулийн дагуу тухайн шүүхээ тэргүүлэх үүрэгтэй юм. Шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх, шалгалт авах, үнэлж дүгнэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулахаар болжээ. Нэр дэвшигчдээс шалгалт авч, үнэлгээ өгөх ажиллагаа ирэх дөрөвдүгээр сарын 14-28-н хүртэл үргэлжлэх юм. Шалгалтыг тухайн шатны шүүхийн шүүгчээр ажиллах мэдлэг, чадварыг хангасан байх, мэргэжлийн ёс зүй, зан төлөв, удирдан зохион байгуулах авьяас, манлайлах ур чадвар зэрэг дөрвөн төрлөөр авахаар болжээ.

Сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр явуулж байгаа учраас аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар ШЕЗ-ийн гишүүн Ж.Эрдэнэчимэгээс тодруулахад “Программын хэвийн үйл ажиллагаа болон мэдээллийн аюулгүй байдлыг хангахаар ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын газраар шалгалт явуулж тайлан гаргасан. Ингэснээр илэрсэн алдаа бүрийг дор бүр нь засч залруулсан . Мөн шалгалт авах байрны гадна сервер байрлуулж, шүүхийн интернэт орчинг тусгаарлахаар болоод байна. Тиймээс нууцлал өндөр зэрэгт байна” гэв.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ