“Алтан Дорнод Монгол” компани малчдын газрыг дээрэмдсээр

Булган аймгийн Дашинчилэн сум болон Төв аймгийн Заамар сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Алтан Дорнод Монгол” компанийн талаар дөнгөж сая нутгийн иргэдээс мэдээлэл хийлээ.

“Алтан Дорнод Монгол” компани нь 2001 онд анх хайгуулын тусгай зөвшөөрөл АМГ-аас авсан байна. Улмаар хуулийнхаа бүрэн эрхийн хугацаанд гурван жил хайгуулын лицензийг эзэмшээд дахин хоёр удаа сонгон шалгаруулалт хийнэ гэж заасан байдаг аж. Гэтэл энэ компани хууль зөрчин лицензээ 2014 он хүртэл сунгуулсан байна. Өөрөөр хэлбэл, 2012 оны зургаадугаар сарын 21-нд Засгийн газрын тогтоолоор “Алтан Дорнод Монгол” компанид хууль зөрчин давуу эрх олгосон хэмээн нутгийн иргэд ярьж байна.

Тодруулбал, Засгийн газрын тогтоолоор уг компанийн 2012 онд дууссан байсан лицензийг 2014 он болтол сунгуулсан аж. Гэвч тухайн компанийг үйл ажиллагаа явуулахыг нутгийн иргэд зөвшөөрөхгүй байгаа учир эл компаниас удаа дараа малчин иргэдэд санал хүсэлт тавьсаар байгаа аж.

Өөрийн талбайд алт олборлолтын үйл ажиллагаа явуулахыг дэмжээч гэсэн саналыг одоо ч өгсөөр байгаад иргэд бухимдалтай байна.

Улмаар эсэргүүцсэн ард иргэдэд мөнгө төгрөг тарааж, архи дарсаар шахаж, согтуу хөлчүү иргэнээр гарын үсэг зуруулах зэрэг бусармаг арга хэрэглэж байгаа аж. Мөн орон нутгаа хамгаалж, тэдэнд газраа ашиглуулахгүй гэсэн иргэдийг цагдаагийн байгууллагаар дарамтлуулах зүйлүүд ч гарсаар байгаа гэнэ.

Тиймээс өнөөдөр нутгийн иргэд тухайн компанийг Ашигт малтмалын хууль зөрчсөн үндэслэлээр шүүхэд өгч байгаа аж. Мөн тэр компанид үйлчлээд байгаа албан тушаалтнуудыг шалгуулахаар болсноо ч энэ үеэр иргэд дуулгав.

Юутай ч энэ асуудлаар иргэн, “Малчны шуудан” сэтгүүлийн сэтгүүлч Д.Туяагаас зарим зүйлийг тодруулав.

-Зөрчил гаргаж, хууль зөрчсөн гэсэн. Мөн тодорхой албан тушаалтан Засгийн газрын тогтоолд нөлөөлсөн гэлээ. Үүнийг тайлбарлаач?

-Ерөнхий сайд асан Сү.Батболд Засгийн газрын 186-р тогтоол гэгчийг гаргаж, Ажлын хэсэг байгуулсан байдаг. Энэхүү ажлын хэсгийн шийдвэрийг үндэслэн 2012 оны 6-р сарын 21-ны өдөр тус компанийн 15 тусгай зөвшөөрөл сунгагдсан. Үүний хоёр тусгай зөвшөөрөл нь 2010 онд дуусгавар болсон, өөрөөр хэлбэл улс татан авах ёстой талбай байсан. Ийм учраас “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн эзэдтэй хуйвалдан, “Ашигт малтмалын тухай” хуулийн 21.1.5 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр Ерөнхий сайд асан Сү.Батболдыг шүүхэд өгч байгаа юм. Байгаль орчинд гарсан хор хохиролыг “уургач, уутач” болсон нөхдүүд хамтдаа л төлж барагдуулах ёстой гэж үзэж байна. УИХ-ын сонгууль болох гээд хүмүүс сонгуулийн сурталчилгаанд анхаарлаа хандуулж байсан яг тэр үеийг тааруулж “Алтан Дорнод Монгол” ХХК-нд 2012 оны 6-р сарын 21-ны өдөр хууль зөрчсөн шийдвэр гаргаж өгсөн нь олон асуудал дагуулах байх л даа.

-Яг ямар Засгийн газрын тогтоол гаргасан юм бэ?

-2012 оны зургаадугаар сарын 10-ны өдөр буюу сонгуулийн сурталчилгаа болж байх үеэр Сү.Батболд тогтоол гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл, сонгууль гээд хүмүүс үймэж байхыг ашиглаад “Алтан Дорнод Монгол” компанид ашигтай тогтоол гаргасан байгаа. Тодруулбал, Засгийн газрын тогтоолыг ашиглаж тухайн компани цуцлагдсан лицензээ эзэмших эрх үүссэн. Тухайн үед АМГ-аас энэ компанитай холбоотой мэдээ, материалыг өгөхөөс татгалзаж байсан. Удаа дараа өргөдөл, гомдол өгсний хариуд бид энэ компанитай холбоотой шийдвэрийг авсан. Гэтэл 2012 оны зургаадугаар сарын 21-нд Засгийн газрын 101 тогтоолыг үндэслэн 4 жилийн хугацаатай сунгасан гэсэн ийм тогтоол шийдвэр гаргаж өгсөн.

- “Алтан Дорнод Монгол” компани малчдын бэлчээрийн газрыг ашиглаад байна гэсэн. Яг хэр хэмжээний талбайг ашигладаг юм бол?

-7203 га талбайг ашигладаг. Гэтэл энэ нь нэг сумын бүтэн багийн бэлчээр нутаг. Маш том талбай. Улмаар бид энэ талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжтой юу гэдгийг бид олж мэдэхэд тухайн компанийн талбай Засгийн газрын 194 дүгээр тогтоолд заасан Ойн сан бүхийн газрын хамгаалалтын бүстэй давхцалтай гэж гарсан. Энэ нь хуульд заагдсан уул уурхайн үйл ажиллагаа явуулах боломжгүй талбай гэсэн үг. Хоёрдугаарт усны мэдээллийн санд байгаа Туул голын хамгаалалтын бүс. Гуравдугаарт энэ талбай орон нутгийн хамгаалалттай бүс байгаа. Тэгэхээр бид энэ компанитай шүүх, хуулийн байгууллагаар заргалдана.

-Тэгэхээр малчид бэлчээрээрээ л хохироод байгаа юм биш үү?

-Мэргэжлийн байгууллагаас гаргасан бэлчээрийн даац байдаг. Гэтэл энэ компани бэлчээрийн даацад нөлөөлөөд байгаа. Угаасаа бэлчээрийн даац нь хэтэрчихсэн байхад дахин уул уурхайн компани ашиглалт явуулах ямар ч боломж байхгүй. Мөн Туул голын ай сав нутаг учраас зөвхөн Булган аймгийн Дашинчлан сун, Төв аймгийн Заамар сумаар тогтохгүй хэдэн аймгийн малчин иргэдийн эрх ашгийг зөрчиж байгаа хэрэг.

-Энэ компани монгол эзэнтэй юу?

Захирал нь Ганболд гэж хүн бий. Өмнө нь Орос хүний эзэмшлийнх байсан.

Ийнхүү 3000 гаруй иргэн, 120 орчим малчин иргэнтэй багийнхан эсэргүүцлээ илэрхийлж сэтгүүлчдэд хандлаа.

Б.Орших

СЭТГЭГДЭЛ БИЧИХ