328 гахайг устгажээ

Налайхад хамгаалалтын хувцас өмссөн хүмүүс олон тооны гахайг нэг дор устгаж, нутгийн иргэдэд ямар нэг тайлбар хэлэхгүй байна гэсэн мэдээлэл манай сайтад ирсэн юм. Энэ дагуу бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруултал тухайн фермд вирүсын гаралтай халдварт өвчин гарсан гэдгийг хэлэв. Энэ сарын 18-ны өдөр нэгэн иргэнээс тус дүүргийн тавдугаар хорооны оршин суугч Дамдинсүрэнгийн суурьт гахай үхлээ гэсэн дуудлага Нийслэлийн мал эмнэлгийн газарт иржээ.
Ингээд тус газраас газар дээр нь очиж үхсэн болон амьд гахайнаас шинжилгээ авсан байна. Хариу нь гахайн үжил амьсгалын хам шинж гэх вирүсын гаралтай өвчин гэж гарчээ. Энэхүү өвчин нь вирүсаар үүсгэгддэг мал амьтны халдварт өвчин аж. Хэдийгээр энэхүү өвчин хүнд халдварладаггүй, ямар нэг аюулгүй гэж үздэг ч хүнээр вирүс нь зөөвөрлөгдөж, өөр бусад гахайтай газарт тархах нөхцлийг бүрдүүлдгээрээ аюултай гэнэ.
Тухайн бүсэд 21 хоногийн хорио, цээрийн дэглэм тогтоожээ. Энэ хугацаанд шилжилт хөдөлгөөн хийхгүй, ариутгал халдваргүйжилтийг онцгой анхаарах хэрэгтэйг онцлов. Тус суурьт байсан өвчтэй 136, эрүүл 192 нийт 328 гахайг устгасан байна. Хуульд заасны дагуу халдварт өвчний улмаас зориудын устгалд орсон амьтныг үнэлсэн үнийн дүнгийн 40 хувийг төр, засгийн байгууллагаас барагдуулж өгдөг учиртай юм.
Дашрамд дуулгахад, гахайн үжил амьсгалын хам шинж гэх вирүсын гаралтай өвчин нь манай улсад таван удаагийн гаралттай бүртгэгдсэн байдаг гэнэ. Хамгийн сүүлд 2011 онд уг өвчнөөр өвчилсөн суурьт мөн зориудын устгал хийж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ