С.Билэгсайханд эрүү үүсгэсэн талаар АТГ-аас мэдээлэл хийнэ


МИАТ-ийн Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад саяхан албан тушаалаас нь огцруулсан С.Билэгсайханыг ЭЦГ-аас шалгаж, улмаар АТГ-т эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр шилжүүлжээ. Энэ талаар Дүүргийн прокурорын II газрын албаны хүнээс лавлахад “С.Билэгсайханыг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр шалгуулахаар ЭЦГ-ын Эдийн засгийн хэлтсээс ирүүлсэн баримтад үндэслэн шалгахаар болсон” гэв. Харин өөр нэг эх сурвалж “С.Билэгсайхан МИАТ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа БНСУ-ын нэгэн компанитай нислэгийнхээ бүх тийзийг борлуулах гэрээ байгуулж, гарын үсэг зурсан юм билээ. Энэ гэрээ нь МИАТ компанид ашиггүй, харин ч тус компанийг алдагдалд оруулахаар байсан гэсэн. Тиймээс АТГ-т шалгахаар шилжүүлсэн” гэв.
Тэгвэл энэ талаар АТГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “С.Билэгсайханыг шалгаж байгаа нь үнэн. Удахгүй энэ талаар мэдээлэл хийнэ” гэсэн юм.
С.Билэгсайханы гэрээ байгуулсан БНСУ-ын компани нь өмнө нь Малайзын агаарын тээврийн нэгэн компанийн тийзийг борлуулах гэрээ байгуулж, улмаар дампуурлын ирмэгт аваачсан юм байна. Магадгүй ингэж алдагдалтай гэрээ байгуулах нь МИАТ-ыг үнэгүйдүүлж хувьчилж авах гэсэн хүмүүсийн ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй гэх хүн ч байгаа юм.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ