20 удаагийн дээрмийн үйлдэлтэй жирэмсэн эмэгтэйг саатууллаа

2013 оноос хойш бага насны хүүхдүүдийг залилж, гэрт нь орж үнэт эдлэл, үнэ хүрэх бүхий л зүйлийг нь хулгайлдаг байсан эмэгтэйг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс илрүүллээ. Иргэн У гэгч нь 2013 оноос хойш Нийслэлийн зургаан дүүргээр явж, 20 удаа хүүхэд залилж, гэрээс нь юм залилдаг байжээ. Ингэхдээ янз бүрийн аргаар гэртээ ганцаараа байгаа хүүхдүүдийг залилдаг байсан нь шалгалтаар тогтоогдсон байна.

Эмэгтэй одоо 19 настай. Ой хоёр сартай хүүхэдтэй, таван сартай жирэмсэн. Тиймээс жирэмсэн эмэгтэйг цагдан хорьж болохгүй гэсэн хуулийн дагуу гадуур байцааж байгаа юм байна. Түүний иргэдийг хохироосон хохирлыг хэмжээг одоогоор гаргаагүй байгаа ч урьдчилсан байдлаар их хэмжээний мөнгөн дүн гарч байгаа гэнэ.

Ингээд хэргийн талаар цагдаагийн ахлах дэслэгч Д.Нямрагчаатай уулзаж хэргийн талаар тодруулахад “Иргэн У гэгч эмэгтэй нэг жил гаруйн хугацаанд бага насны хүүхдүүдийг залилсан хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс илрүүлэн шалгаж байна. Тухайн эмэгтэйн хувьд зургаан дүүрэгт гэмт үйлдлээ хийсэн бол одоогоор 20 үйлдэлтэй нь тогтоогдсон. Тиймээс иргэдийг бага насны хүүхдээ гэрт нь ганцааранг орхихгүй байхыг анхааруулж байна. Мөн эл хэрэгт хохирсон байж болзошгүй иргэд манай хэлтэст хандах хэрэгтэй” гэв.

Харин У “Би ийм хэрэг яагаад хийх болсоноо өөрөө ч мэдэхгүй байна. Өнгөрсөн жилээс хойш үйлдсэн” гэсэн юм.

У нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн бөгөөд төрөлхийн нэг гар нь богино юм байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэллээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ