Ч.Амарболдын ялын хугацаа дуустал хуулийнхан хяналт тавина

2008 оны “Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, шүүхээс 3.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд магадлангаар суллагдсан. Хуулийн нэр томьёогоор магадлангаар суллах гэдэг нь хугацаанаас өмнө тэнсэн суллахыг хэлдэг байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлд хорих ял шийтгүүлсэн ялтан засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэгт үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг шүүх ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж болно. Ялтан ногдсон ялынхаа хүндэвтэр гэмт хэрэгт ногдуулсан ялын хоёрны нэгээс доошгүй хувийг, хүнд гэмт хэрэгт ногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг, онц хүнд гэмт хэрэгт ногдуулсан хорих ялын тавны дөрвөөс доошгүй хувийг эдэлсэн бол ялаас чөлөөлнө. Харин цаазаар авах ял шийтгүүлж уучлагдсан, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй этгээдэд ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллах журмыг хэрэглэхгүй гэж заажээ.
Хуульд заасан үндэслэл, шаардлагыг хангасан хэн ч хугацаанаас өмнө тэнсэн суллагдах эрхтэй. Ч.Амарболдын хувьд хуулиа мэддэг, хуулийн хүн учраас энэ боломжийг алдалгүй ашиглаж ийнхүү суллагджээ.
Ч.Амарболд хүнд гэмт хэргээр шүүхээс 3.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Хоригдох хугацаандаа ялтан засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэгт үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, эдлэх ёстой ялынхаа гуравны хоёрыг эдэлсэн гэх шаардлагыг хангасан тул магадланд хамрагдсан байна.
Хуулиндаа ялтныг ялаас чөлөөлөх тухай саналыг ялтны хоригдож буй ангийн дарга прокурорт гаргаж, прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэдэг байна.
Хугацаанаас өмнө суллагдсан этгээдэд хуулийн дагуу цагдаагийн байгууллага, цэргийн алба хаагчид цэргийн анги, нэгтгэлийн дарга нар хяналт тавина гэж заасан байдаг. Энэ дагуу Ч.Амарболдын шүүхээс оноосон ялын хугацаа дуустал хуулийнхан хяналт тавих юм.
Ч.Амарболд тэнсэнгээр суллагдсан ч ялын хугацаа ирэх арванхоёрдугаар сард дуусна. Тэгэхээр энэ хугацаанд Ч.Амарболдод хуулийнхан хяналт тавьж байх юм. Хэрвээ ямар нэгэн гэмт хэрэгт холбогдвол шууд цагдан хорьж ял оноох заалттай юм байна.
Хэргийг эргэн сануулахад,“2008 оны долдугаар сарын 1”-ний үймээний хэрэгт ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт, ЦЕГ-ын Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг буруутган ялласан. Эрүүгийн хуулийн 274, 294-т зааснаар албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, галт зэвсэг тараасны улмаас дөрвөн хүний амь нас хохирсон хэрэгт буруутган яллаж байсан юм. Хурандаа О.Зоригт шүүхээс 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ч биеийн байдал тааруу гэх шалтгаанаар оны өмнө суллагдсан. Хурандаа Ш.Батсүхийн хувьд магадланд хамрагдах хугацаа болоогүй гэж эх сурвалж мэдээлж байгаа юм.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ