Мөнгөнд гавлуулсан Мунзуй

Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнтэй арсалдсан хүн ч өнөөдөр амьд, элдэв сэтэр зүүхгүй амьдарна гэдэг хэцүүхэн болсон цаг аж. Мунзаа хэмээх Нямдорж УИХ-ын гишүүн, Монголын хамгийн баян компанийн өв залгамжлагчтай муудалцсаны улмаас “хэрэгт орж болох бүхий л шалгуур”-ыг хангаад өдгөө хоригдож байна гэх болов. Худал л байгаасай билээ.

Мунзаа хэмээгчийн мөрийтэй тоглох ч гэж юу байхав. Сая доллар голоод эсвэл албан тушаалаа чамлаад сууж байдаг хүмүүстэй харьцуулахад түүний халаасанд байгаа хэдэн төгрөг ёстой л ичмээр дамшиг биз. Мөрийтэй тоглоомыг хуулиар хориглосон ч мөрийтэй тоглодоггүй хүн Монголд бий бил үү. Байгууллага хамт олон хаяахан ажлын зав чөлөө, амралт зугаалгаар явахадаа хөзөр гаргаад муушиг, покер тоглох нь энүүхэнд. Үүнийг мөрийтэй тоглоом мөн гэх үү биш гэх үү. Түүнээс гадна манай төрийн томчууд байна. Солонгосын казинод, Макаогийн, Сингапурын, Малайзын гээд хаана л казино байна тэнд тоглоцгоож л явдаг. Байгууллагынхаа санхүүг, төрийнхөө дансыг хоослоод мөрийтэй тоглоцгоосон нь ч бий. Энд тэнд, хаана л дарга нар цугларсан байна тэнд мөрийтэй тоглоом л явагдаж байдаг. УИХ-ын гишүүнээ эхлээд, хүчний байгууллагын томчууд, нэртэй, төртэй эрхмүүдийн мөрийтэй тоглоомонд орооцолдсон тухай дэл сул яриа энд тэнд бишгүйдээ л бий.

Саяхан Азийн нэгэн мөрийтэй тоглоомын тэмцээнд монгол залуу түрүүлсэн. Тэрээр эх орондоо ирээд шагналын мөнгөнөөсөө буяны үйлд хандивлаж өдгөө түүгээр нь нэн ядуу иргэд орон гэртээ болох гээд баярлаад явцгааж байна. Түүнийг одоо мөрийтэй тоглолоо гээд хорих уу. Эсвэл буяны үйлд мөнгө хандивлалаа гэж хорих уу. Утга учиргүй хуулийнхаа учрыг нь олохоосоо өмнө мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгний захиалгаар бусдыг хохироох, хорих, дарамтлах арга хэрэгслийн хэрэглүүрээ болгоод байгаа юм биш биз гэх ч хардлага эндээс төрөөд байна.

Хэнтийн аглагт өвлийн шөнийн уртад хаарталж суугаа буриад, тэртээ баруун Алтайд даалуу, үүлүү дуудан үүр цайлгах малчид, хорол хэмээх тоглоомоор мөрий тавин тоглох буурал настангуудыг бүгдийг нь хамж авчраад нийслэлдээ хорьчихвол мөрийтэй тоглоом хаана үргэлжлэх нь бүр ч тодорхой болно биз дээ.

Хаана, хэн мөрийтэй тоглож, хэн хэрхэн олж, алдав гээд дээгүүрээ дэлгүүрт ороод гарав гэдэг шиг л ярьж байдаг гэх юм билээ. Зөвхөн муушиг, покер гэлтгүй өдгөө шатарыг ч мөрийтэй тоглох нь ихэссэн. Хавар, өвлийн хурдан морины уралдаан л гэнэ. Үнэндээ бол бас мөрийтэй тоглоомын нэг хэсэг нь болчихсон л тууж явна. Хавар, өвөлд яагаад төр засгаас нь хурдан морь уралдуулахгүй ээ гээд байхад уралдуулах гээд томчууд, хөрөнгөлөг хүмүүс нь үхэн хатан зүтгээд байдгийн цаад учрыг бүгдээрээ мэдэхгүй биш мэддэг ч хэн ч юу ч ярьдаггүй.

Гэтэл хэдэн халтар төгрөгтэй сууж байсан нэгнийг бариад хориод, түүнийгээ улс даяар зарлаад байгаа нь цаанаа нэг л улс төрийн, мөнгөний үнэртэй ч юм шиг. Тэднийг тоглож хэн нэгэн сууж байсан нь хүртэл зориуд зохион байгуулсан ший янгууны жүжиг гэдэг нь харагдаад байна бус уу. Харин ч мөрийтэй тоглож байсан Мунзааг бус хамт байгаад нэгнээ чононд бариулсан тэр нөхрийг нь л шийтгэх хэрэгтэй. Тэр бол хэнийг ч мөнгөний төлөө худалдаж чадах хөгийн “мөнгөөр хүн чанараа арилжсан уяаны нохой” байсан нь тодорхой. Уяаны нохой хуцсан газар бүхэнд бусдын улыг шагайсан шаар шавхруу явах юм даа. Мунзууг мөнгө л гавлачих шиг боллоо. Шударга нийгэм гэж байдаг бол түүний буруутай, буруугүйг, хэний захиалгаар хэн ийнхүү жүжиг найруулсныг, найруулагчийнх нь цаад эзэд нь хэн болохыг холбогдох газрууд нь тогтооно гэдэгт найднам.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ