“Эх хэл-Уран Зохиол”-ын аян 61-р сургууль дээр үргэлжиллээ

“Шинэ Мянган” Утга Зохиолын Нэгдлээс /ШМУЗН/ санаачлан эхлүүлсэн “Эх хэл-Уран Зохиол”-ын аян өчигдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль дээр амжилттай үргэлжлэн явагдлаа.
Тус сургуулийн урилгаар АУЗ Ш.Дулмаа, ШМУЗН-ийн гишүүн сэтгүүлч С.Батгүр нар зочилсон юм.
АУЗ Ш.Дулмаа “МЗЭ-ээс хүлээн зөвшөөрөгдсөн ШМУЗН-ийн гишүүн залуучуудын санаачлан эхлүүлсэн Эх хэл-Уран Зохиол аяныг миний бие хувь уран бүтээлчийн зүгээс дэмжиж ажилладаг. Цаашид ч дэмжиж ажиллах болно. Тиймээс хүүхдүүд та бүхэн уран зохиол, яруу найргийг шимтэн, дурлаж уншиж байгаарай. Эх хэл, уран зохиол чинь ямар баян тансаг, чимэгтэй, сонсоглонтой, уянгалаг болохыг мэдэх болно” гэв.
Харин ШМУЗН-ийн гишүүн сэтгүүлч С.Батгүр “Анх Дэлхийн Яруу Найргийн Өдрийг угтан эхлүүлсэн Эх хэл-Уран Зохиолын аян өнөөдрийн хүртэл үргэлжилж байна. Энэ хугацаант нийслэл, орон нутгийн хэмжээнд 40 гаруй сургуулийн 5000 орчим сурагчидтай ШМУЗН-ийн гишүүн ах, эгч нар чинь уулзаж Эх хэл-Уран Зохиолоо сурталчлан таниуллаа. Аян цаашид улсын хэмжээнд үргэлжлэн явагдах болно. Хүүхдүүд та нар минь уран зохиолтой ойр яваарай” гэлээ.
Дашрамд өгүүлэхэд тус сургуулийн хүүхдүүд АУЗ Ш.Дулмаагийн “Алтанзул”, “Хүлээлт” дуу, “Чингисийн Тамга” шүлэг зэрэг уран бүтээлээс нь сонирхуулж, гарын үсэг авч, дурсгалын зураг авахуулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ