Ш.Батсүх хурандаа магадланд хамрагдахаар боллоо

"2008 оны долдугаар сарын 1”-ний үймээний хэрэгт ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт, ЦЕГ-ын Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг буруутган ялласан. Эрүүгийн хуулийн 274, 294-т зааснаар албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, галт зэвсэг тараасны улмаас дөрвөн хүний амь нас хохирсон хэрэгт буруутган яллаж байсан юм. Хурандаа О.Зоригт шүүхээс 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ч биеийн байдал тааруу гэх шалтгаанаар оны өмнө суллагдсан. Харин Ч.Амарболд генерал магадлангаар суллагдаад гурав хонож байна. Тэгвэл саяхан хурандаа Ш.Батсүхийг магадланд хамруулах материалыг ШШГЕГ-ын харьяа хорих 421 дүгээр ангийн дарга прокурорын байгууллагад хүргүүлсэн гэж эх сурвалж мэдээллээ. Прокурор материалтай танилцаж хуулийн дагуу 14 хоногийн дотор хариу өгөхөөр болжээ.

Зарим сайтаар Ш.Батсүх хурандааг эмнэлэгт хэвтсэн учраас магадланд хамрагдаагүй гэж бичжээ. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн албаны эх сурвалжаас тодруулахад “Эмнэлэгт хэвтсэн хоног ялын хугацаанд тооцогддог. Магадланд хамруулахгүй гуравхан тохиолдол байдаг цаазаар авах ял шийтгүүлж уучлагдсан, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй этгээдэд ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллах журмыг хэрэглэхгүй гэж заасан” гэлээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ