Н.Удвал сайд Ц.Энхбаярын өмнө хүчин мөхөстөж, ГССҮТ дахиад л даргагүй үлдлээ
Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/ гэдэг газар удирдлагагүй болоод байсаар Н.Удвал сайдын бүрэн эрхийн хугацаа дуусах нь гэхэд хилсдэхээргүй боллоо. Улсдаа ганцханд тооцогддог энэ төвд дарга тогтохгүй, дээдэх нь суудлаа, доодох нь гүйдлээ олохгүй байсаар иргэд, өвчтөнүүдийг чирэгдүүлсээр байгаа нь нууц биш.
Тодруулбал, өнгөрсөн онд тус эмнэлгийн эмч, ажилтнууд тэндхийн захирлаар томилогдсон Ц.Энхбаяр гэгчийг эсэргүүцэн, үүдэндээ дургүйцлийн лоозонгоо өлгөж, өвчтөнүүдийг хүлээж авахаас татгалзан, нэг ёсондоо ажил хаялт зарласан. Энэ үеэр Н.Удвал сайд өөрийн биеэр ГССҮТ-д морилж, эмч нартай ярилцаж, нэг ёсондоо тохироонд хүрснээ зарласан. Ингэхдээ Ц.Энхбаярыг ажлаас нь чөлөөлөхөөр болсон билээ. Улмаар ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалт ч энэ удаа шударга зарчмаар болж, А.Мөнхтайван гэх хүн сонгогдсон.
Үндсэндээ Н.Удвал сайд А.Мөнхтайванг үүрэгт ажилд нь томилж, Ц.Энхбаярыг түүнд ажлаа хүлээлгэж өгөхийг үүрэгдээд удаагүй байлаа. Гэтэл Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Энхбаяр нь ажлаа хүлээлгэж өгөхгүйгээр барахгүй шүүхийн байгууллагад хандахаа мэдэгдэж, асуудлыг дахин хүндрүүлээд авав. Ингэснээр ГССҮТ тойрсон асуудал намжих болоогүй гэсэн хардлагыг төрүүлж, Эрүүл мэндийн сайд Н.Удвал гэмтлийг хэзээ нэг даргатай болгох юм бол гэсэн хүлээлт үүсгээд байв.
Харин энэ хүлээлт талаар болсон тухай мэдээлэл энэ долоо хоногт чих дэлсэж, Н.Удвал сайдын чих дахин халууцахаар болсон юм. Тодруулбал, ГССҮТ-ийн сонгон шалгаруултад тэнцэж үүрэгт ажлаа хүлээж авах гэж байсан А.Мөнхтайван албан тушаалаасаа татгалзаж орхив.
Энэ талаар салбарын сайд Н.Удвал "ГССҮТ-ийн даргыг Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтаар хийсэн. Үүнд шалгарсан А.Мөнхтайванг томилуулах хүсэлтийг өргөн барьсан. Ингээд томилгоог хийхийн тулд АТГ, ЦЕГ болон бусад шаардлагатай байгууллагуудаас лавлагааг авч хууль зүйн бүрэн боломжтой гэж үзсэн учраас бүрэн эрхийнхээ хүрээнд уг албанд томилж, хуучин дарга Ц.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл ажил хүлээлцэх явцад А.Мөнхтайван өргөдөл өгсөн. Уг өргөдөлд “Ар гэрийн шалтаанаар энэ ажлыг хүлээж авч чадахгүй" гэсэн. Тиймээс хүсэлтийг харгалзан чөлөөлсөн" хэмээн хээв нэг ярьж суув. Магадгүй А.Мөнхтайваны хувьд ар гэрийн шалтгаантай ч бай үгүй ч бай хэл ам, хэрүүлтэй, өмнөх захирал ажлаа хүлээлгэж өгөхгүй тас гүрийгээд байгаа эмнэлгийн даргаар ажиллах бодолгүй байсан ч байж болох.
Тэгвэл Н.Удвал сайд өргөдлийг нь дуу нь дээр хүлээж аваад зогсохгүй өмнөх захирлыг нь ажлаа хүлээлцэхэд ч санаа зовохгүй байгаа нь түүнд ГССҮТ-ийг удирлагатай болгох бодол алга гэж үзэхэд хүргэж байгаа юм. Ц.Энхбаяр салбарын сайд нь түүний өмнө хүчин мөхөстөхөөр тийм том ар талтай хүн үү. Эсвэл Н.Удвал сайд өөрийнхөө хүнийг яаж ийгээд ГССҮТ-ийн захирлаар томилчих санаатай гэмтлийн эмнэлгийн даргын асуудалд санаа тавихгүй байна уу гэх хардлага нийгэмд хэдийнэ бий болжээ.
Ямартай ч өмнө нам гүм байсан ГССҮТ Ц.Энхбаяр гэгч эмэгтэй захирлаар нь томилогдсоны дараа хэвлэлийн хуудаснаа сайн муугаараа дуудуулах болсон. Үүгээр ч зогсохгүй Ц.Энхбаяр эмч нарын эсэргүүцэлтэй тулгарч, хэдийгээр албан тушаалаас нь буулгах шийдвэр гарсан ч гүрийсээр мөн л хэвлэлийн баатар болоод байна.
Шинэ захирал нь албан тушаалаасаа татгалзсан тухай мэдээллийг сонссон иргэд “ГССҮТ гэж дарга тогтдоггүй ямар чөтгөр шүглэсэн газар вэ. Н.Удвал салбарын сайд нь юм бол энэ асуудлаа хурдан зохицуулаасай” гэцгээж байв. Гэвч Ц.Энхбаяр гэх энэ эмэгтэйг Эрүүл мэндийн яам дийлэхгүй бололтой. Уг нь энэ асуудлыг нэг тийш болгож, тэр чөтгөр шүглэсэн эмнэлгээ удирлагатай болгож, өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах цаг хэдийнэ болсон баймаар юм, Н.Удвал сайд аа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ