МИАТ-ынхан манараатай байна

МИАТ-ынхан манарч байна. Удирдах зөвлөлийн дарга нь ажлаа өгөв. Дахиад хоёр ч хүн тэтгэвэрт гарах нэрийн дор ажлаа өгөх гэж байна. Түүний араас бас хоёр хүн. Өмнө нь байгууллагынхаа нууцыг задруулсан хэргээр хоёр хүн ажлаасаа халагдсан. Мөн хэлтсийн дарга нар нь ч өөрчлөгдөж, солигдож байгаа аж. Естой л манарах манарахдаа дарга, цэрэггүй манарч байна. Энэ бүхнийх нь тухай шүүмжлэлтэй материал бичсэн сэтгүүлч заавал согтуу байдаг тухай гүтгэлгийн чанартай гаргалгаа хийж, хэвлэл мэдээллээр төлбөртэй нийтлэл хэвлүүлж, өөрсдийн булайгаа хаацайлах гэж бусдыг гүжирдэх болсон. Ажил хийж буй хүн согтуу байдаг тухай МИАТ-ынхан нийгэмд түгээж байгаа нь өөрсдөө ажил хийхдээ согтуу байдагтайгаа зүйрлэсэн болов уу хэмээн мунхаглана. Учир нь хүн өөрөө ямар зан характер, үйл хөдлөл гаргадаг түүнтэй бусдыг адилтгадаг нь гэм биш зан. Мөн энэхүү гүтгэлгийнхээ хавчуурганд МИАТ ХК-ийн өмнөх удирдлагууд нь идэж ууж байсан, харин бид л ашигтай ажиллуулж байна гээд баахан сурталчилсан. Тэгвэл МИАТ үнэхээр ашигтай ажилласан уу гэдэг асуултад хариулт нэхээд үзье.
МИАТ ХК нь Өмнөд Солонгос улсын “Сэй Юү” гэх хулхи компанитай гэрээ хийж, Өмнөд Солонгос дахь МИАТ-ын хамаг байдаг эрх мэдлийг тавиад туух шахсан. Энэхүү гэрээний талаар анхлан цахим ертөнцөд МИАТ компанийн инженер Ц.Бат, Бодлого төлөвлөлтийн газрын дарга асан С.Билэгсайхан нар олон нийтэд ил болгож“МИАТ” болон БНСУ-ын “Сэй Юү” компани хооронд хийсэн гэрээ нь манай улсад ашигтай, ашиггүй гэх байр сууриа илэрхийлж, маргалдсан. Дээрх гэрээний улмаас Өмнөд Солонгос төдийгүй олон улсын нислэгийн авиа компаниуд “МИАТ” компанитай хамтран ажиллах эсэхээ эргэж харахад хүрсэн нь ч худал биш. Ингэх болсон шалтгаан нь “МИАТ” Өмнөд Солонгосын зах зээл дэх шууд борлуулалтаа зогсоож, ерөнхий борлуулагч компаниар “Сэй Юү” компанийг сонгосоноор тус улсаас болон Солонгосоор дамжин манай улсыг зорьдог жуулчдын хөдөлгөөнд ч хүндрэл учруулж болзошгүй болсоноос үүдэлтэй.
Дээрх БНСУ-ын “Сэй Юү” компанитай түрээсээр авсан БОИНГ 767-300ER агаарын хөлгийнхөө төлбөрийг төлөхийн тулд хийсэн гэрээ гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Мөнгө цагаан, нүд улаан хэмээхийн үлгэрээр хийгдсэн энэхүү гэрээний улмаас МИАТ ХК-д хохирол учрах эсэх, цаашид ямар алдагдал хүлээх, МИАТ хэрхэн барьцаанд орох гээд олон асуудлыг орхигдуулсан.
Улс орныхоо ганц нислэгийн компанийг төлөөлсөн “МИАТ”-ийн Төлөөлөгчийн газар тус улсад байсаар байхад энэ гэрээг яагаад хийв гэдэгт хариулт өгч, хариуцлага хүлээсэн хүн өнөөдөр ч байхгүй. Өдгөө МИАТ компанид 8,6 тэрбум төгрөгийн мөнгөний гачаал үүсээд байгаа. МИАТ ХК нь Эксимийн зээлийн төлбөрт жил бүр 20 тэрбум, сард 1,8 тэрбум төгрөг өгдөг. Энэ бол тус компанийн дотоод асуудал бөгөөд уг гэрээг хийхэд ЗТЯ-наас 20 тэрбум төгрөгөө өөрсдөө олох боломж бүхий эрсдэлгүй ашигтай гэрээ хийх чиглэл өгсөн байдаг юм билээ. Гэвч хийсэн гэрээ нь алдагдалтай, мөнгө олох өөр арга зам хэрэгтэй болсон тул Өмнөд Солонгосын “Сэй Юү” компанитай яаралтай гэрээ хийж, таван сая ам доллар авсан нь гал унтраах гээд хавханд оров гэгч л болсон. Хэрэв МИАТ ХК нь зээлээ хугацаандаа төлж чадахгүйд хүрвэлЗасгийн газар Чингис бондын хөрөнгө рүү хуруу дүрэхээс өөр аргагүй байдалд орно. Эксимийн зээлийн талаар мэдээлэл өгөхөд энэ зээл нь онгоц авах гэрээ 98 сая ам.доллараар хийгдсэн бөгөөд гүүрэн зээл, хуулийн фермүүд хийгээд бусад зардал гээд нийт 121,4 сая ам доллар шаардлагатай болсон гэдэг юм билээ. Үүнээс гадна 98 сая ам доллараар авсан онгоцны тухайн үеийн зах зээлийн үнэ нь 75 сая ам.доллар байсан талаар мэдээлэл ч байдаг. Ийнхүү МИАТ ХК нь өөрөө туршлагагүй, дээрээс нь тухайн үеийн засх зээлийн ханшнаас өндөр өртөгөөр ЗТЯ-аас онгоц ав гэсэн чиглэл өгсний улмаас гэрээ хийсэн гэдэг юм билээ.
МИАТ ХК нь яаж ч хичээж ажилласан улиралд 3,6 сая долларыг үйл ажиллагааны орлогоос олж төлнө гэж байхгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлэх. Улиралд 3,6 сая жилд 14 сая долларыг үйл ажиллагааны орлогоос олж төлөхын тулд Өмнөд Солонгосын “Сүй Юү” шиг компанийг хулхидсан шиг гэрээг хэдэн жил гадны компаниудтай хийж, бусдаас хулгай хийх бол МИАТ компани. Эсвэл гэрээ хийх нэрээр өрөө хааж, олон улсад нэр хүндээ унагасаар байх уу.
МИАТ ХК-ийн нэгэн зөвлөгөөн дээр яригдсан асуудлаас сөхөөд үзье. “Товчхондоо ийм онгоцыг түрээсээр 400,000 ам доллар сард төлөөд хэрэглэх нь МИАТ ХК-д ашигтай хувилбар байсан. 10 жилийн дараа энэ онгоц манай өмч болно гэж байгаа ч АЗЮ-тай адил нөхцөлд хүрэхийг үгүйсгэх аргагүй. Санхүүгийн талаасаа ийм учир шалтгаантай , харин улс төрийн шийдлийнхээ хүрээнд арай өөр байсан байх аа. Мөн 2011 онд Боинг-той хйисэнгэрээгээр дахиад 2 ширхэг 737 онгоц авахаар байгаа. Энэ онгоцуудыг МИАТ санхүүжүүлэх ямар ч боломжгүй. Гэвч яамны зүгээс МИАТ бол ТӨХК учираас үндэсний агаарын тээвэрлэгчийн хувьд онгоцоо ав гэж шахаж байгаа. Монгол банкны зээл 3 жилээг байх боломжтой гэж байгаа. Олон жилээр авья гэхээр МИАТ Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал хэрхэн нөлөөлөхийгхаруул гээд байгаа. Эксимийн зээл нь онгоцыгбүрэн санхүүжүүлээгүй гэдгийг хэлье. Тэдний бодлогоор онгоцны зөвхөн 85 хувьд л баталгаа гаргадаг юм байна лээ. Хүү нь 2,5 хувь байгаа. Энэ нь Монгол Улсын зээлжих эрхийн онооноос болж гарсан тоо юм. Хүүгийн хувьд уг нь боломжийн зээл байгаа юм. 10 жилийн хугацаанд шулуун шугамын графикаар улирлаар төлөх учиртай, хүүд нь3,6 сая ам доллар, Ай Эн Жи банкинд нэмж 15 хувь өгсөн, компаниуд зээл зургаан хувийн хүүтэй, долоон жилийн хугацаатай 24 сая, өрийн бичиг 20 сая доллар байгаа. Хүү нь 9 хувь, таван жилийн хугацаатай хугацаатай байгаа.” Ийнхүү зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүй болсон гэдгээ нууцалсан МИАТ-ын энэ оны хоёрдугаар сарын 5-нд өөрийн вэф сайт дээрээ “МИАТ ШИНЭЭР ХУДАЛДАН АВСАН БОИНГ 767-300ER АГААРЫН ХӨЛГИЙНХӨӨ УРТ ХУГАЦААНЫ САНХҮҮЖИЛТИЙГ АМЖИЛТТАЙ ШИЙДВЭРЛЭВ” гэсэн сүржин мэдээлэл гаргаж, нийтэд түгээж байв. Энэхүү мэдээлэлд “Монгол Улсын Засгийн Газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”, Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны тогтоолууд дээр үндэслэн МИАТ ТӨХК АНУ-ын Боинг Компаниас 2013 оны 5 дугаар сард шинээр худалдан авсан Боинг 767-300ER агаарын хөлгийн урт хугацааны санхүүжилтийг 2013 оны 12 дугаар сарын 24-нд амжилттай шийдвэрлэв. гэсэн мөр бий. Мөн Олон улсын нэр хүнд бүхий санхүүгийн байгууллага болох Ай Эн Жи Банкөөрийн охин компани Ай Эн Жи Капиталын хамтаар Монгол Улсын Засгийн Газрын баталгаатай, Боинг 767-300ER агаарын хөлгийн 121,4 сая ам.долларын дахин санхүүжилтийн багцын ерөнхий зохицуулагчаар ажилласан юм. Гурван хэсгээс бүрдэх энэ багц нь АНУ-ын Экспорт-Импорт Банкны баталгаатай 10 жилийн хугацаатай үндсэн зээл, 7 жилийн хугацаатай дэд зээл, 5 жилийн хугацаатай үнэт цааснаас бүрдсэн байна. МИАТ ТӨХК энэхүү санхүүжилтээр дотоодын банкнуудаас авсан гүүрэн зээлээ буцаан төлсөн. Харин хэрхэн, яаж төлсөн юм бол гэдэг нь л сонирхол татаад байгаа юм.
Ямартай ч хүмүүс МИАТ-ын удирдах албан тушаалд очих гэж зүтгэдэг бол харин өнөөдөр эсэргээр тус компанийн удирдах албан тушаалтанууд ажилаасаа сайн дураараа татгалзах болсон нь ч бас л хачирхал төрүүлээд байна.
Б.Лхагва
СЭТГЭГДЭЛ БИЧИХ