Иргэдээс санал, хүсэлтэд хариу өгөхдөө тоонд биш чанарт анхаарахыг даалгалаа
Энэ оны1 дүгээр улиралд “11 11 төв”-д иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн мэдээг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
“11 11 төв”–д өнгөрсөн гурван сарын хугацаанд 10300 гаруй иргэн ханджээ. Нийт хандалтын дийлэнх буюу 7500 орчим нь санал, хүсэлт байна.
Лхагва гараг бүрт “11 11 төв”-д Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарыг оролцуулсан шууд ярилцлага зохион байгуулж байгаа нь иргэдийн асуултад шуурхай хариулах шинэлэг хэлбэр боллоо. Өнгөрсөн улиралд Засгийн газрын 9 гишүүн, агентлагийн 1 дарга шууд ярилцлагад оролцож, 36 мянган иргэн цахим байдлаар хандаж мэдээлэл авчээ.
Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамж үйлчилгээ, улсын бүртгэл, нийслэл хоттой холбоотой асуудлуудаар иргэд голчлон санал хэлж байна. Эдгээрийг Засгийн газрын холбогдох яам, агентлагуудад хуваарилж,иргэдэд хариуг шуурхай илгээж байна. Өнөөдрийн байдлаар санал хүсэлтийн 82,1% -д хариу өгч, 17,9% нь хүлээгдэж байна.
Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Сангийн яам, УБЕГ, НХҮЕГ иргэдэд хамгийн шуурхай хариу өгч байгаа бол зарим яам агентлагийн шийдвэрлэлтийн явц удаашралтай байна. Иймд тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтэнд уламжилж, утасны дугаар өгөх буюу танилцсан, уламжилсан гэж иргэний хүсэлтийг хаах явдал байсаар байгаа тул цаашид тоон үзүүлэлтийг урьтал болгохгүй чанарт анхаарч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас яам, агентлагуудын удирдлагуудад үүрэг болголоо.
Товчхон:
- “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. УИХ-аас 1995 онд баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн найруулсан дээрх тогтоолын төсөлд боловсролын салбарын өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн урт хугацаанд баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлжээ.
- Гэмт хэргийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг холбогдох бусад хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн нэр томъёог залруулах, олон улсын гэрээ конвенцид нийцүүлэхэд чиглэсэн 69 агуулгыг шинээр буюу шинэчлэн найруулж хуулийн төсөлд оруулжээ.
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бусад хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хамт хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улс 2004 онд анх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай бие даасан хууль гаргасан ч холбогдох байгууллагуудын эрх хэмжээ, оролцоо хариуцлагыг хэт ерөнхий эсвэл салангид байдлаар тусгасан, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах процедурыг орхигдуулсан зэрэг нь энэ чиглэлийн гэмт хэргийг оновчтой шийдвэрлэхэд хүндрэл учруулж байна. Дээрх хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи 8 жилд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалахаар шүүхээс гаргасан 41 шийдвэрийн нэг нь ч хэрэгжээгүй нь эрх зүйн цогц шинэчлэл хийж, уялдаа зохицуулалтыг сайжруулах бодит шаардлага байгааг харуулж байна.
- Хүний наймаа, хар тамхины, мөнгө угаах, албан тушаалын зэрэг зохион байгуулалттай гэмт хэргийн гаралт өсч, үйлдэх арга нь улам нарийсч байна. Эдгээр төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг олон байгууллага тус тусдаа хэрэгжүүлж, хүний нөөц, техник хэрэгслийн хүч боломжоо тарамдуулж байсныг Шинэчлэлийн Засгийн газар өөрчилж, зохион байгуулалттай, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг Мөрдөх албанд нэгтгэсэн билээ. Бүтэц, зохион байгуулалтын энэ өөрчлөлттэй холбогдуулан хэргийн харъяаллыг тогтоох зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тогтож, төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
- УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын санаачлан боловсруулсан Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцээд, Засгийн газраас өгөх санал дүгнэлтийг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо. Холбогдох яамд, сайд нараас зарчмын 11 санал ирүүлсэн байна.
- Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой тус тус тохиож байгаа билээ. Ойг тохиолдуулж 2014 оныг "Монгол, Хятадын найрсаг солилцооны жил" болгон зарлаж, соёл, урлаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарын өргөн хүрээний арга хэмжээ зохион байгуулахаар тохиролцсонюм. Жилийн арга хэмжээний хөтөлбөрт тусгагдсан Монгол, Хятадын соёлын долоо хоног харилцан зохион байгуулах зардлыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын төсвийн багц дахь Соёл урлагийг хөгжүүлэх сангийн зардалд багтаан санхүүжүүлэхээр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ