Ламтанд дурлавал шоронд илгээгдэнэ

Германд нэгэн 71 настай эмгэнийг шоронд илгээсэн аж. Энэ эмэгтэй сүүлийн 13 жилийн туршид католик шашны ламтаны араас амар заяаг нь үзүүлэхгүй элдэн хөөж байсан гэнэ. Эмгэн ламтанд байнга л хайр сэтгэлээ илэрхийлсэн цаасан болон цахим захидлуудыг илгээж байжээ. Мөн тэрбээр хаанаас ч юм ламтаны утасны дугаарыг мэдэж аваад хайр сэтгэлээ илэрхийлэх гэж утасддаг байв. Тэр ч бүү хэл, энэ цадигаа алдсан эмгэн өөрийн сэтгэлийг булаасан ламтаны өмнө хэд хэдэн удаа хувцсаа тайчиж, нүцгэнээр бүждэг байжээ.

Шүүх хуралдааны үеэр уг эмгэн үнэхээр л арав гаруй жилийн хугацаанд ийм үйлдэл хийдэг байсан гэдгээ хүлээн зөвшөөрөв. Мөн тэрбээр бараг өдөр болгон ламтаны гэрийн үүдэнд очиж тэнд цэцэг, хайраа илчилсэн захидал болон бэлгэвч орхидог байснаа ярьжээ.

Эмгэний өчлийг сонсож, гэрчүүдийн мэдүүлгийг авч, шинжээчдийн дүгнэлтийг уншаад шүүгч энэ дурлалдаа шатсан эмгэнийг албадан эмчилгээнд бус харин өргөст торны цаана илгээх ёстой гэдгийг бүрэн ойлгосон аж. Хижээл настай герман эмэгтэйн хэргийг Умард Рейн-Вестфали мужийн Мешеде хотын шүүх авч хэлэлцсэн байна. Тэтгэврийн хөгшин шоронд 14 сарыг өнгөрүүлэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ