Р.Кроу: 950 жил амьдарсан хүний дүрийг бүтээнэ гэхдээ эхлээд эргэлзсэн

Нас сүүдэр 50 гарсан энэ австрали эр амжилтад хүрэхээсээ өмнө хонь маллаж, хөгжим зохиож, шөнийн клубт ди жей хийж, мөрийтэй тоглоомын газарт ажиллаж...
Ер нь хийж болох бүх л ажлыг хийж явжээ. Харин одоо бол тэр “Оскар”-ын шагнал хүртчихсэн, дэлхийн шилдэг жүжигчдийн нэг гэдгээ хүлээн зөвшөөрүүлсэн нэгэн.
Тэрбээр дэлхийд усан галав юүлэх үед амьдралыг аврахаар бурхнаас сонгогдсон Ной гэгч эрийн тухай домгоос сэдэвлэсэн “Ной” бүрэн хэмжээний уран сайхны киног хамгийн сүүлд бүтээгээд байгаа юм.
Кино АНУ-д энэ сарын 26-нд нээлтээ хийх юм. Хойд хөршийн “7 хоног” сэтгүүлийн сэтгүүлч түүнтэй уулзаж, сонирхолтой ярилцлага өрнүүлжээ. Тэд “Ной” киноны зураг авалтын талбай дээр уулзсан байна.
-Сайн уу, Рассел. Жүжигчин хүнтэй зураг авалтынх нь талбайд уулзах болсондоо таатай байна. Хоёр минутын өмнө би таныг гантель өргөж байхыг харлаа. Одоо шөнө дунд болж байна, та дандаа ийм орой бэлтгэл хийдэг хүн үү?
-Тийм ээ, тийм. Сайндаа ч биш, дулаацахын тулд л ингэж байгаа юм. Манай кино усан галавын тухай. Байнга нойтон хувцастай байх хэцүү, даарна. Өнөөдөр гэхэд л дандаа усанд норж байгаа 6-7 план авлаа. Өдөрт 20 цаг ажиллаж байгаа ч хийх зүйл зөндөө байна.
-Зураг авалтыг би ердөө 30 минут л ажиглалаа. Гэхдээ та бүхэн дэлхийн татах хүч, агаарын даралтын эсрэг орчин үеийн технологитой сонин техник хэрэглээд байх шиг ээ?
-Бид яг наад асуудалд чинь их нухацтай хандаж байгаа. Ямар ч хийлдэг тоглоом, усан буу ашиглаагүй. Тропикийн бүсийн жинхэнэ ширүүн бороог бий болгож чадахуйц, усаар дүүргэсэн цистернүүд бидэнд байна. Бидний одоо зогсч байгаа газар бол Исландын галт уулын гадарга юм шүү дээ. Бид энд ирхээс өмнө Исландад зураг авалт хийж байсан. Тэндэхийн галт уулсын бүсэд байдаг байгалийн зүй тогтолтой нийлэхээрээ энэ үнэхээр гайхамшиг болж хувирна. Одоо дээшээ хар даа. Газтай том том бөмбөлөг байгаа биз. Тэд тас харанхуй шөнө ч зураг авалтын талбайг өдөр шиг болгох чадалтай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ