Солонгост осол гаргасан Монгол жолооч эрэн сурвалжлагдаж байжээ

Энэ сарын 30-ны шөнө 23:46 цагт БНСУ-ын Асан хотын Ёнинмёны нэгэн үйлдвэрийн өмнөх нэг эгнээтэй замаар уруудаж явсан “Avante” маркийн машин зүүн гар тийш жолоогоо алдаж, замын хажуугийн цахилгааны шон мөргөж, дотор нь сууж явсан дөрвөн монгол хүн амиа алдсан хэрэг гарсан билээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлж буйгаар, жолоо барьж явсан 37 настай А нь согтуугаар машин жолоодсон, зам тээврийн осол гаргасан, хэргийн газраас зугтсан хэргээр 2013 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс хойш эрэн сурвалжлагдаж байсан аж.

Цагдаагийн газраас одоогоор ослын шалтгааныг тогтоогоогүй байгаа ба амиа алдсан, Монголын хууль бус ажилчдын хэн болохыг бүрэн тогтоож чадаагүй байгаа аж. Машинд сууж явсан зургаан хүнээс газар дээрээ амьсгал хураасан дөрвөн хүнийг “Сүнчон”-ы их сургуулийн эмнэлгийн шарил хадгалах газарт хүргэж, хүнд бэртэл авсан хоёр хүнийг “Дангүг”-ийн их сургуулийн эмнэлэгт хүргэн эмчилж байна. Цагдаагийн газраас ослын шалтгааныг согтуугаар автомашин жолоодсонтой холбоотой байж болзошгүй хэмээн шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ