Агаарын бохирдлын улмаас хятад хүүхдүүд генийн мутацид орж байна

Хятадад сүүлийн үед экологийн байдал эрс муудаж, ялангуяа агаарын бохирдол улам ихэсч байгааг нэр хүндтэй олон байгууллага баталлаа.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын саяхан нийтлүүлсэн тайланд “Агаарын бохирдол хүмүүсийн эрүүл мэндэд маш их аюул учруулдаг. Жил тутам агаарын бохирдлоос болж 7 сая орчим хүн нас барж байгаа нь 2008 онтой харьцууулахад 2 дахин их юм” хэмээжээ.
Хятадын Байгаль орчныг хамгаалах яам өнгөрсөн жилийн турш улсынхаа томоохон хотуудад агаарын чанарын судалгаа хийснээ 2014 оны 3-р сарын 25-нд нийтэд дэлгэлээ.

Нийт 74 хотоос зөвхөн 3 хотод л агаарын чанар зохих хэмжээнд байжээ. Эдгээр хот бол Төвдийн Лхас, Хайнань мужийн Хайкоу, Жэцзян мужийн Жоушань хот. Агаарын бохирдол хамгийн ихтэй хотын тоонд Бээжин, Тяньцзинь, Хэбэй муж, Янцзы, Жуцзян голын адаг хавь оржээ.
Агаарын бохирдлоос болж, Хятадад жилд 500 мянган хүн нас барж байгаа гэж “The Lancet” сэтгүүл нотолж байна.
Харин “Bloomberg” агентлагийн мэдээнд “Хятадын агаарын бохирдлоос болж хүмүүст генийн мутаци үүсэх болсон. Үүнийг АНУ-ын Колумбын их сургууль ба Хятадын Чунцин хотын их сургуулийн хамтарсан судалгаа баталлаа. Хүүхдүүдийн ой тогтоолт, сурах чадвар эрс муудсан” гэж дурджээ.
Нөхцөл байдлыг Хятадын авлигач түшмэд улам хүндрүүлж байгаа аж. Зөвхөн өнгөрсөн онд ганцхан Аньхой мужид л гэхэд Агаарын бохирдлыг бууруулах байгууллагын 133 түшмэлийг авлигын хэрэгт буруутган баривчилжээ.
Дэлхийн банк, Хятадын төрийн зөвлөлийн дэргэдэх хөгжлийн төвийн хамтарсан тайланд өгүүлснээр “Агаарын бохирдлоос болж хүмүүсийн эрүүл мэнд муудаж, нас баралт ихэсч байгааг судалж, асуудлыг шийдэхэд зориулан Хятад улс жил тутам 300 тэрбум доллар зарцуулж байна. Энэ нь Малайзийн 2013 оны Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээтэй тэнцэж байна” гэжээ.
Иймээс манайхан одоо урин цаг ирлээ гэж санаа амралгүй агаарын бохирдлоо бууруулах тал дээр чармайн ажиллахгүй бол үр удам, ирээдүй үед маань маш том аюул нүүрлэж магадгүй байна. www.mnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ