ЦЕГ-ын дэд даргаар Н.Амарзаяаг томиллоо

ЦЕГ нь даргаас гадна тэргүүн дэд дарга, хоёр дэд дарга гэсэн гурван даргатай байна. Тэргүүн дэд даргаар С.Баатаржав, дэд даргаар Ш.Ганболд ажиллаж, харин нэг дэд даргын суудал эзэнгүй байсан юм. Тэгвэл эзэнгүй байсан дэд даргын суудалд Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Н.Амарзаяаг томилогджээ. Томилгоог Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хийжээ. Цагдаагийн албаны тухай хуулинд ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, дэд даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө гэж заасан байдаг. Энэ дагуу Н.Амарзаяаг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин томилсон байна.
Н.Амарзаяа нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан ч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ алдаа гаргасан гэсэн үндэслэлээр ЦЕГ-ын дарга Б.Билэгт үүрэгт ажлаас нь чөлөөлж байв. АТГ-аас Н.Амарзаяаг өөрийн эзэмшлийн 55 сая төгрөгийн орлогыг, мөн эхнэрийнхээ 60 орчим сая төгрөгийн орлогыг мэдүүлээгүй гэж ажлаас халах хүсэлт хүргүүлснээр Б.Билэгт тушаал гарган ажлаас нь халж байсан юм. Гэвч шүүхийн шийдвэр Н.Амарзаяаг гэм буруугүй, ХОМ-оо зөв мэдүүлсэн, АТГ алдаа гаргасан гэж үзэн ажилд нь эргүүлэн авахыг даалгасан юм. Харин ажилдаа эргэн ороогүй Н.Амарзаяа саяхан Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилогдон ажиллаж байв. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ЦЕГ-ын дарга Б.Билэгт нарын асуудал хурцдаж, Б.Билэгтийг огцруулах яриа гарч эхэлмэгц Х.Тэмүүжингийн дэлгэх хөзрийн нэгийг Н.Амарзаяа гэж хэвлэлүүд мэдээлж байсан юм. Харин Х.Тэмүүжин сайд хөзрөө дэлгэж Н.Амарзаяаг ЦЕГ-ын дэд даргаар томиллоо.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ