Барилга дээрээс барилга унаад ирэх вий

Энд тэнд арзайж, сэрийсэн дутуу баригдсан барилгууд амилж, том даацын машинууд хөлхөж, барилгын зуурмаг зөөгч машинууд энд тэнд давхих нь элбэгшээд их бүтээн байгуулалтын аян өрнөөд эхлэв. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нь эс мэдэгдэх нэгэнт л баригдаад эхэлбэл ямар ч шатны шүүхэд эс захирагдан өдөр ирэх тусам өндөрсөөр нэг л мэдэхэд оршин суугчид нь орчихсон байдаг нөгөө л дүр төрх. Байрандаа орсон иргэд нь байрныхаа эрхийн бичгийг авах гэхээр “Улсын комисс хүлээж авахгүй байна аа” гэх хариу тайлбартай хэдэн ч байр энэ жил шинээр нэмэгдэх юм бүү мэд. Нийслэлийн Засаг дарга баахан барилга нураана гэсэн ч өнөөдөртөө л лав нураасан нь харагдах юм алга. Хэдэн рекламны самбар буулгах гээд мөнгөтэй компаниудыг дийлэхгүй байгаа Улсын баатарт барилгаа нураалгаад сууж байдаг барилгын компанийн захирал ч гэж юу байхав. Мөнгө дүүрэн халаасанд нь Монгол Улсын хууль хуйлсан цааснаас ч үнэгүй болсон эрхмүүдэд хэдэн хүний амь эрсдэх нь хамаагүй барилга баригдаж дуусах нь чухал юм байна гэдгийг монголчууд яс махнаасаа мэддэг болоод удаж байна.

Энэ онд баригдаж буй барилгын ивээсэнд хэдэн хүн амь насаа өрж, хичнээн хүн харуусах бол. Шалгалаа, хяналаа, шаардлага хүргүүллээ гэдэг. Барилгын салбарт өнгөрсөн жил олон ч хүн амь насаа алдсан. Гэвч түүнээс сургамж авсан нь ч, сургамж өгсөн нь ч байгаа гэж үү.

2012 оны есдүгээр сарын 3. Баянгол дүүргийн тавдугаар хороо, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн баруун талд баригдаж байгаа барилгын бетон зуурмаг шахагч унаж 12 настай бяцхан охины амийг авч одсон. Тус барилгын компани нь барилга барих зөвшөөрөлгүй, барилгын зураг төслөө хянуулж батлуулаагүй, охины дээрээс унасан гэх машин нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй машин механизм байв.

2012 оны арваннэгдүгээр сарын 7. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд баригдаж байсан “Асар шим” компанийн барилгын гурван давхарт ажиллаж байсан 33 настай Э өндөр хүчдэлд цохиулж, нас барав.

2013 оны тавдугаар сарын 15. Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Оймон” компанийн аялал жуулчлалын зориулалтаар баригдаж барилга дээр ажиллаж байсан мужаан Б.Б харамсалтайгаар амиа алдав. Дүгнэлт: Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангаагүй.

2013 оны аравдугаар сарын 8.

Баянзүрх дүүргийн 12-р хороонд ”Батширээт” ХХК-ийн баригдаж байгаа барилга дээр Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат иргэн 25 настай эрэгтэй А, мөн сумын харьяат иргэн 23 настай эрэгтэй О нар угсардаг төмөр шат зөөж байгаад өндөр хүчдэлийн шугаманд хүрч тогонд цохиулж нас барав. Дүгнэлт: Хөдөлмөр аюулгүй байдлыг дүрэм баримтлаагүй.

2014 оны нэгдүгээр сарын 7. Чингэлтэй дүүрэг дэх Гэсэр сүмийн уулзварын ойролцоо баригдаж байгаа "Макс" таур-ын барилга дээрээс төмөр "Land-200" автомашин дээр унаж, жолооч газар дээрээ нас барав

2014 он. Сүхбаатар дүүрэгт барилгын ажил гүйцэтгэж буй “Цаст” констракшн, Өндөр буянт компанийн хоёр барилга дээр хоёр ажилтан нас барлаа.

Ийнхүү барилга дээр гарсан ослууд он, он дамжин үргэлжилсээр байгаа ч ойшоож үздэг хүн алга болсон байна.

Сүүлийн 9 жилийн хугацаандбарилгын салбарт 581 удаа үйлдвэрлэлийн осол гарч, 246 хүн осолд өртөж амь насаа алдсан дүн мэдээ байна.Мөн 2005-2013 онд барилгын салбарт ажиллагсадаас 130 хүн тахир дутуу болж, 272 хүнхөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алджээ. Зөвхөн 2012 онд л гэхэд 69 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, 28 хүн ослоос үүдэн нас барж байсан байх юм. Барилгын салббарт гарч буй осолын улмаас МХЕГ-аас 08 тоот удирдамжийн дагуу 6 дүүрэгт шалгалт явуулж, 17 болон түүнээс дээш давхар барилга байгууламжийн ажлын явц байдал, барилга угсралтын үйл ажиллагаанд хяналт тавьжээ. Нийт 20 цогцолборын 51 барилга, 32 аж ахуй нэгж, байгууллага энэхүү шалгалтад хамрагдсан байна. Гэтэл давхардсан тоогоор 880 зөрчил илэрч, улсын байцаагчийн үйл ажиллагаа зогсоох тухай 12 акт үйлдэж найман өргөх байгууламжийн ашиглалт, дөрвөн барилгын ажлын үйл ажиллагааг түр зогсоохоос аргагүйд хүрсэн байна. Хяналт шалгалтанд хамрагдсан барилгуудад барилгын тухай хуулийн хэрэгжилт 60,5 хувьтай, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилт 55,7 хувийн үзүүлэлтэй гарч байж.

2014 он гарч барилгын ажил эхлээгүй шахам байхад барилгын салбарт хэдийнэ есөн хүн амь насаа алдаад байна. Харин барилгын үйл ажиллагаа ид өрнөөд эхлэнгүүт энэ тоо хэд дахин өсөхийг хэн ч хэлж мэдэхгүй. Мөнгө гэдэг бүхнийг шийдэж, хүний амь нас, барилгын компаниудад үнэгүйдсэн цаг үед бид амьдарч байна. Барилга хүний амь наснаас үнэтэй болсон гэхээр аймшиг танд мэдрэгдэхгүй байна уу. Иргэдэд баригдаж буй барилгагүй газар амьдрахыг төрөөс удахгүй сануулга гаргах биз. Иргэд Өндөр өндөр барилгаас

Өнгийн тууз нь унаасай

Өнгийн тэр туузандаа

Өнөөх гишүүд нь дарагдаасай

Улс орон даяараа

Уй гашуу зарлаасай

Учир замбараагүй барилгаа

Удахгүй тэгээд цэгцлээсэй хэмээн дуулах хэмжээнд хүрээд байна. Хүүхэд дарж алав, зүгээр машинаа барьж явсан залууг хорвоогоос халиав, гэр бүлээ тэжээх хүслээ биелүүлж чадалгүй олон барилгачин залуус хорвоогоос буцав. Төр алинд нь ч цочирдсонгүй. Харин одоо өөрсөд дээр нь унавал сая сэхээрэх болов уу яах бол гэж иргэд аргаа барж байна. Барилга дээрээс юу унаад ирэх бол...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ