Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ажлаа тайлагналаа
Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 10 жилийн ой энэ онд тохиож байна.
Энэ хүрээнд Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг сурталчлахаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Мөн төлөвлөгөөний дагуу 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхтэй хамтран хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Хэвлэлийн бага хуралд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Ц.Цогт “Захиргааны хэргийндавж заалдах шатны шүүхийн шүүн таслах үйл ажиллагааны дүн мэдээ, шийдвэрлэж буй маргааны төрөл, ил тод, нээлттэй байдлын талаар”, шүүгч Д.Батбаатар “Газар өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой маргаан үүсч буй шалтгаан, үндэслэл,нөхцөл байдлын талаар” мэдээлэл хийж, тус шүүхийн Тамгын газрын ажилтан М.Цэцэгмаа хэвлэлээр гарсан зарим мэдээлэлд тайлбар хийлээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр байгуулагдсанаасаа хойш нийт 1713 хэргийг хүлээн авч, 1636 хэргийг хянан шийдвэрлэжээ.
Өнгөрсөн 2013 оны байдлаар гэхэд нийт 572 хэрэг хянан шийдвэрлэсний 384 нь анхан шатны шүүхийн шийдвэртэй хэрэг, 185 нь шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжтай хэрэг, 3 нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас магадлалыг хянуулахаар ирүүлсэн хэрэг байна. Тус шүүхийн хянан шийдвэрлэсэн хэргийг маргааны төрлөөр авч үзвэл 79 нь газрын, 68 нь төрийн албаны, 64 нь сонгуулийн, 36 нь татварын, 35 нь ашигт малтмалын, 34 нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн, 12 нь тендерийн, 56 нь бусад маргаан байна. Эндээс үзвэл тус шүүхийн хянан шийдвэрлэсэн хэргийн 20.6 хувийг газрын маргаан эзэлж байгаа ажээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхолон нийтэд ил тод, хүртээмжтэй болох чиглэлд том алхам хийж, одоогоос нэг жилийн өмнө “Нээлттэй шүүх” танхимаа нээсэн юм. Хүссэн хүн бүхэн хүссэн цагтаа шүүхээр шийдвэрлэж буй хэргийн бүх үйл явц, шийдвэрийн талаар мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн энэ танхимаар өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 1503 иргэд, оюутан, сурагчид ирж үйлчлүүлсэн талаар Ц.Цогт мөн үеэр танилцууллаа.
Төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн иргэдийн эрх ашгийг хамгаалахад арван нас хүрч буй захиргааны хэргийн дагнасаншүүхийн ач холбогдол их байгаа талаар хэвлэлийн бага хуралд оролцогчид онцолж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ