“Ерөнхий сайдын 30 минут”-ын үеэр аймгийн удирдлагуудтай холбогдлоо

Цаг үеийн асуудлуудаар чиглэл өгөх шаардлагатай байгаа тул Засгийн газрын тэргүүн энэ удаагийн “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтынхаа үеэр аймгийн удирдлагуудтай холбогдлоо.

1000 айлын орон сууц барих ажлаа хугацаа алдалгүй эхлүүл, энэ талаар Төрийн орон сууцны корпорацийнхантай нарийвчилж ярилц гэсэн үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын эхэнд аймгийн удирдлагуудад өглөө.

Энэ жил 6 аймгийг нийслэлтэй автозамаар холбохоор төлөвлөсөн. Орон нутгийн автозамын ажлыг 4 дүгээр сардаа эхлүүл, бэлтгэлийг нь одооноос сайн ханга гэж Ерөнхий сайд санууллаа. “Гудамж” төслийг аймгийн төвүүдэд эхлүүлнэ, Засаг дарга нар төслийнхөнтэй холбогдоорой гэлээ. Нийслэлийн хувьд энэ жил “Гудамж” төслийн хүрээнд Туулын хурдны замын бүтээн байгуулалтад төвлөрч, хотын доторх зам гудамжийг нийслэлийн төсвөөр голчлон хийнэ.

Иргэдийн хөдөлмөр эрхлэлт, бизнесийг дэмжихэд зориулан орон нутагт Засгийн газраас багагүй төсөв хөрөнгө хуваарилдаг. Гэтэл энэ хөрөнгө, төсөлд яаж хамрагдах талаар хөдөөгийн иргэд тодорхой мэдээлэлгүй байгаа нь Хэнтий, Говьсүмбэрт ажиллах үеэр анзаарагдлаа. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сангаасямар шалгуураар зээл олгодог, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтад саналаа яаж өгөх талаар иргэдэд тодорхой мэдээлэл өг гэж аймгийн удирдлагуудад даалгалаа.

Шар усны үер, хуурайшилт, түймрээс сэргийлэх сэрэмжүүлэг анхааруулга сайн явуулаарай. Шүлхийтэй холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэмийг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар цуцална, гэхдээ мал, малын гаралтай түүхий эдийн хөдөлгөөнд үргэлжлүүлэн хяналт тавих шаардлагатай шүү гэж Ерөнхий сайд төгсгөлд нь анхаарууллаа.

Энэ долоо хоногт 11 аймагт оношилгооны төв нээгдсэн. Ерөнхий сайдын төсвийн 50 тэрбум төгрөгийн хөрөнгөөс санхүүжүүлсэн энэ ажил орон нутагт хамгийн өгөөжтэй хөрөнгө оруулалт болсныг аймгийн удирдлагууд онцоллоо.

Орон нутгийн ажил амьдралтай холбоотой эдгээр мэдээллийн дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг уламжлал ёсоороо сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ