Ер бусын “сүнс”-тэй хөлөг онгоцууд

Уншигч та бүхэндээ хүн төрөлхтний түүхийн тайлагдашгүй нууцын хэлхээт их сан хөмрөгөөс сониучирхан “сүнстэй” гэгдэх алдартай хөлөг онгоцуудын тухай судалснаа онцлон хүргэж байна.
10. “The Young Teazer” / “Ян Тизер”
1813 онд бүтээгдсэн Америкийн уг хөлөг онгоц Канадын Махөүне болон Нова Скөүшиа эргийн орчимд мананд шингэн алга болсон 1812 оны АНУ ба Их Британи хоорондын дайны үеийн хөлөг онгоц юм байна. Энэхүү далбаат хөлөг онгоц нь “Тизерийн гэрэл” гэгдэх тайлагдашгүй сүнслэг мэт ногоон туяагаараа цөөнгүй хүний амийг авч одсон гэгддэг алдартай онгоц ажээ. Учир битүүлгээр мананд ууршин алга болсон хөлөг манантай шөнө тодрон үзэгддэг ба бүтэн сартай гурван шөнө эргэн далайн гүн рүүгээ шумбан ордог гэсэн яриа байдаг байна.

9. “The S.S. Valencia” / “Валенсиа”
1882 онд “William Cramp & Sons” компаний бүтээсэн эл хөлөг онгоц 77 м урт, 1598 тн жинтэй сүрлэг хөлөг байжээ. Гэвч цаг агаарын таагүй байдлын улмаас 1906 онд Ванкувер арлын орчим осолдож живжээ. Хөлгийн тавцан дээр явж байсан 180 хүнээс ердөө 37 нь амьд үлдсэн гэнэ. Хөлөг осолдож живэх нь тодорхой болсон тухайн үед хөлгийн багийнхан аврах завиудаа буулгаж 108 зорчигчийг аврах завинд суулгасан гэдэг ч учир битүүлэг шалтгаанаар хэд хэдэн аврах завь нь хөмөрч, нэг нь бүр сураггүй алга болжээ.
Энэ явдлаас 5 сарын дараа нэг загасчин агуйн орчимд дотроо найман араг ястай аврах завь оллоо гэсний дагуу эрэл хайгуул, судалгаа шинжилгээ хийх багийнхныг томилсон ч юу ч олдоогүй байна. Хөлгийг живснээс 27 жилийн дараа хөлгийн нэг аврах завь Ванкувер арлын эрэг орчимд алгуурхнаар хөвж явсан тухай олон хүн харсан байдаг. Ийнхүү тус хөлгийн аврах завь нь сүнстэй хөлөг онгоцны тухай цөөнгүй түүхийн улбаа болжээ.

8. “The S.S. Ourang Medan” / “Оүрень Медан”
Учир битүүлгээр нас барсан Голландын хөлгийн багийнхны тухай өгүүлэх энэхүү хөлөг онгоцны түүх 1947 оных юм. Америкийн хоёр ч хөлөг онгоц тус хөлгөөс илгээсэн тусламж хүссэн аюулын дохио мэдээллийг хүлээж авсан байдаг бөгөөд хөлгийн багийн ахмадаас эхлээд багийнхан тэр чигтээ үхэж байна, би ч бас гэсэн утга бүхий мэдээлэл илгээгджээ. Хөлгийн багийнхан мест местэндээ, бүр нохой нь хүртэл яаж зогсож байсан тэр хэвээрээ бүгд нүүрний хувирал нь ямар нэг аймшигтай зүйлээс эмээж мэгдсэн байдалтай нас баржээ. Хөлөг онгоц нь ямар ч гэмтэл аваагүй атал багийнхан нь ийнхүү учир битүүлэг нас барсан нь ихэд хачирхмаар....
Сүүлд шинжээчид хөлөг дээр мөн л тайлагдашгүй шалтгаанаар гал гарсныг илрүүлж, хөлөг дэлбэрч живсэн гэжээ. Гэсэн ч хөлгийнхний үхэлтэй холбоотой энэ түүх одоо ч маргаантай байдаг бөгөөд хууль бусаар нитроглицерин тээвэрлэж явсан зэргээс эхлээд олон таамаглал байдаг. Үүнээс хамгийн дөт нь сансрын үл мэдэгдэх нисдэг биет болон сүнс юм гэнэ.

7. “The Carroll A. Deering” / “Кэррол Эй. Дийрин”
1911 онд сүндэрлэсэн сүрлэг далбаат энэ хөлөг онгоц 1920 онд хамгийн сүүлчийн далайн аялалаа хийж байжээ. Хөлөг 1921 онд сүйрсэн ба осолдсон шалтгаан тодорхойгүй бөгөөд магад Бермудын гурвалжинтай холбоотой гэх таамаглал бий. Гүн хөх тэнгистэй холбоотой олон тайлагдашгүй нууцуудын тэргүүн эгнээнд бичигддэг хөлөг онгоц сүйрэхэд ер бусын хүч үйлчилсэн гэж үздэг.

6. “The Baychimo” / “Бэйчимо”
1322 тн хүнд жинтэй Шведийн ачаа тээврийн эл хөлөг онгоц 1931 онд осолдсон бөгөөд Аляскийн эрэг орчим сүйрсэн алдартай “сүнстэй хөлөг онгоц” ажээ. Мөсөн уул мөргөж осолдсон “Бэйчимо” нь 1969 оныг хүртэл 12 удаа далайчдын мэлмийд үзэгдсэн гэдэг. 2006 онд Аляскийн засгийн газраас Хойд туйлд осолдсон хөлөг онгоцуудыг судлах ажлыг эхлүүлсэн ч “Бэйчимо” хөлгийг огт олоогүй байна. Мөсөн уулуудаар хүрээлэгдсэн цаг агаарын эрс тэрс туйлын уур амьсгалд хурдлан хөвсөөр яваа “Бэйчимо” тээврийн хөлгийг живээгүй гэж үздэг ч 2006 оны судалгааны ажлын дүнд “живсэн” гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа юм.

5. “The Octavius” / “Октавиус”
Үлгэр домогт амилсан “сүнстэй хөлөг онгоц - Октавиус”-ыг 1775 онд халим агнаач “Herald” хөлгийн багийнхан хөлгүй далайд хөвж явахыг нь олдог ба “Октавиус”-ын багийнхан хөлгийн тавцан дээрээ бүгд өөр өөрийн хариуцсан местэндээ “хөлдөж нас барсан” байдаг байна. Хөлгийн протоколын хамгийн сүүлийн тэмдэглэл нь 1762.11.11-нд байсан бөгөөд Хойд туйлын тэсгим хүйтэнд 13 жил төөрч яваагаа бичсэн байжээ. Хөлгийг жинхэнэ биш байсан гэлцдэг ч энэ нь “магадгүй” гэх таамаглал төдий юм. Түүнчлэн хөлгийнхөн бүгд нас барсан атал хөлгүй далайн аялалаа үргэлжлүүлэн хөвсөөр яваа нь “сүнстэй хөлөг онгоц” гэдгийг нотолж байгаа ажээ.

4. “MV Joyita” / “Жоита”
Удаах “тайлагдашгүй нууцын оньст” хөлөг онгоц “MV Joyita” нь 1955 онд Номхон далайн өмнөд хэсэгт үл мэдэгдэх шалтгаанаар живсэн хөлөг юм байна. Шинэ Зеландын Төүкелөү арал руу чиглэсэн аялалынхаа үеэр гэнэт осолдсон худалдааны онгоцонд хөлгийн багийнхан болон зорчигчид - нийт 25 хүн явсан ажээ. Одоог хүртэл хөлгийн осолдсон шалтгаан учир битүүлэг хэвээр байдгийг “сүнс”-тэй холбон тайлбарладаг юм байна. 21 м урт тансаг зэрэглэлийн хөлгийг кино найруулагч Роланд Вестийн захиалгаар 1931 онд Америкийн “Wilmington Boat Works” компанийхан босгож байжээ.

3. “The Lady Lovibond” / “Хатагтай Ловибонд”
Их Британийханд сүнстэй хөлөг онгоцны тухай түүх, элдэв яриа эртнээс газар авчээ. Тэдний нэг болох эл хөлөг онгоц нь 1748 онд Английн “The Goodwind Sand” хэмээх элсэн цөлд осолджээ. Энэ үеэр шинэхэн гэрлэсэн хосууд болох хөлгийн ахмад Саймон Рийд (Саймон Пийлч гэх нь бий.) болон түүний залуухан бас үзэсгэлэнтэй гэргий Анетта нарын хуримын үдэшлэг болж байсан юм байна.
Хөлөг ийнхүү осолдох болсон нь хөлгийн тавцан дээр эмэгтэй хүн байх нь ёрыг зөгнөдөг гэсэн ам дамжсан ярианаас үүдэлтэй гэж үзэх нэгэн байхад ахмад Саймоны гэргийд хайртай байсан хөлгийн багийн гишүүн түүнд хорссон шаналан, жөтөөнийхөө хариу болгож албаар тэр зүгт залуураа чиглүүлсэн гэх ч яриа байдаг байна.
Эдгээрийн алин ч байсан эл явдлаас хойш 50 жилийн дараа буюу 1798 оны тэр өдөр (1798.02.13) Жэймс Уэстлэйк ахмадтай “the Edenbridge” хөлгийнхөнд үзэгджээ. Үүнээс хойш “сүнстэй хөлөг” дахин 1848 / 1898 онуудад тус тус бодитоор үзэгдсэн гэдэг. Тухайн үедээ далайн гүнд живсэн бус яг л жинхэнэ мэт байсны зэрэгцээ жихүүдэс төрүүлэм ногоон гэрлээр цацарч харагдсан гэдэг ажээ.

2. “The Mary Celeste” / “Мэри Сэлест”
Америкийн худалдааны хөлөг онгоц байсан алдартай тус хөлөг 1872 онд Атлантын далайд осолдож, 1885 онд Гайтид живсэн тухай тэмдэглэлийг уншлаа. Хөлгийн багийнхан тээвэрлэж явсан ачаа болон 6 сарын хүнсний нөөцийнхөө хамт үл мэдэгдэх шалтгаанаар хөлөгтэйгөө живжээ. Далайн дээрэмчдийн халдлагад өртсөн юм уу гэхээр тээвэрлэж явсан бараа бүтээгдэхүүн нь замд гарахдаа багласан тэр чигтээ бүрэн бүтэн хэвээр байсан нь борооны дараах мөөг лугаа ар арааса үргэлжлэн гарсан олон таамаглалыг дэвшүүлэхэд хүргэжээ.

Тухайлбал, далайн хуй салхинд өртсөн, хөлгийн багийнхны гурил нь хөгцөрсний улмаас хоолондоо хордож элий балай болсон, багийнхан хоорондоо маргалдсан гэхчилэнгээс хамгийн дөт нь хөлгийн эд ангид эвдрэл гарсны улмаас живсэн байж болох явдал юм. Гэвч олны хамгийн ихээр итгэдэг нь хөлгүй далайд хөвөн дүүлэх “сүнс”-нүүдэд олзлогдсон гэх таамаглал юм.

1. “The Flying Dutchman” / “Нисдэг Голланд”
Дэлхийд танигдсан сүнстэй гэгдэх олон хөлөг онгоцнуудаас уран зураг, сонгодог дуурь, аймшгийн өгүүллэг тэргүүтэй дэлгэцийн олон бүтээлд (Онцлох: "Карибийн тэнгисийн дээрэмчид") амилсан хамгийн алдартай хөлөг онгоц бол “The Flying Dutchman” юм. Алдартай эл хөлөг онгоцны тухай Жорж Барринтон гэх зохиолч, халаасны хулгайч нэгний бичсэн “Voyage to Botany Bay” (1795) номд гардаг гэж үздэг бөгөөд тэрхүү зохиолд гардагчлан “The Flying Dutchman” хөлөг онгоц нь Ийст Индийсийн нутгийг чиглэн далайн аялал хийж явсан Голланд хөлөг байжээ.

Харамсалтай нь Атлантын далайн эргийн “The Cape of Good Hope” буланд ирээд байхад нь хүчтэй шуурга дэгдэхэд ахмад Ван дер Декэний гаргасан буруу шийдвэрийн улмаас хөлөг живсэн гэдэг. Тэрээр итгэлт андынхаа алтан амийг хороон байж ийнхүү цаг агаарын хүнд нөхцөлд тус буланг гатлахаар зөрсөн нь эдүгээ ардын ам дамжин яригддаг алдартай домгийн эхлэлийг тавьжээ. Энэ нь тус сүнстэй хөлөг мөнхөд эцэс төгсгөлгүй далайн аялалаа хийсээр байгаа бөгөөд үүний тод жишээ нь хөлөг тэр чигтээ сүнсэн биеэр гэрэлтэн туяарч XIX / XX зуунд үзэгдсэн явдал юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ